МУИС-ийн 71 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9 цагт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, багш эрдэмтэд, оюутан залууст хандаж хэлсэн үгэндээ “МУИС нь дэлхийн 200 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг, улс эх орондоо 60 гаруй мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн, шинжлэх ухаан, технологийн олон салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлж байгаа тэргүүлэгч сургууль юм. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, үндэсний мэдлэгийн тогтолцоог өөрчлөн шинэчилж, зөв чиглүүлэн хөгжүүлэхэд МУИС-ийн профессор багш, ажилтан, төгсөгч, оюутан залуус чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэлэв.
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, МУИС-ийн захирал А.Галтбаяр “Юуны өмнө бид нийгэм, хувь хүний хөгжлийн шаардлагыг хангасан, оюутны сонирхол, сонголтод суурилсан сургалт явуулах ёстой. Ингэснээр нийгмийн шаардлагыг хангасан чанартай төгсөгч, боловсон хүчин бэлтгэж чадна. Чанартай сургалт бидний нэг тулгуур гэвэл, нөгөө тулгуур нь шинэ мэдлэг технологи бий болгох үйл ажиллагаа юм” гэлээ. Түүнчлэн энэ хичээлийн жилд хөтөлбөр, сургалт, мэдээлэл, технологийн орчинг шинэчлэх, удирдлагын шинэ тогтолцоог бий болгох, судалгаанд суурилсан төгсөлтийн дараах сургууль байгуулах, гадаад, дотоодын зах зээлээс судалгааны төслүүдийг босгох зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Энэ хичээлийн жилд МУИС-д шинээр элссэн 3850 оюутнаас Улсын олимпиадад эхний байр эзэлсэн 33 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олголоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр МУИС-ийн захирал А.Галтбаяр шилдэг оюутнуудын төлөөлөл болох Улсын олимпиадад 1-р байр эзэлсэн ЭЗС-ийн Г.Мөнхбаяр, ХХИС-ийн Г.Хонгорзул, МТС-ийн Б.Говьхүү, ГГС-ийн М.Болдбаяр, НШУС-ийн Г.Баярмаа нарт нэрэмжит тэтгэлгээ гардууллаа.
Түүнчлэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хамгийн өндөр оноотойгоор элссэн элсэгчиддээ оюутны үнэмлэхийг гардуулж, мөнгөн хонхны жингэнээгээр оюутнууд хичээлдээ орлоо.
Мөн шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгох захирлын нэрэмжит шагналыг ББС-ийн сургуулийн багш Н.Баатарбилэг гардууллаа.
Нийт багш ажилчид, төгсөгч оюутнууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.