МУИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдаж хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө танилцууллаа

Share Button

МУИСМУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 10-р сарын 18-ны өдөр хуралдлаа. МУИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн тайлан, МУИС-ийн захирлын мөрийн хөтөлбөрийг захирал, Доктор А.Галтбаяр танилцуулсан бол Эрдмийн зөвлөлийн 2013-2014 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөг  Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Батнасан  хурлаар танилцуулсан юм.  Хурлаар  Тайлан болон зорилтын талаар Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороодын дүгнэлтийг сонсож, эрдмийн зөвлөлийн олон гишүүн санал хүсэлтээ хэлж хэлэлцүүлгийг хийснээр Эрдмийн зөвлөлийн тогтоолыг гишүүдийн саналын дэмжлэгтэйгээр батлан дэмжсэн болно.

МУИС 2012-2013 оны хичээлийн жилд 32,5  тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

МУИС-ийн хамт олон 2012-2013 оны хичээлийн жилд МУИС-ийн 2011-2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө болон Засгийн газрын дэвшүүлсэн Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн дагуу сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгаа инновоцийн шинэ орчин бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллаа.  Түүнчлэн сургалтанд кредит систем бүрэн нэвтрүүлэхийн тулд бакалаврын хөтөлбөрүүдийн хэвтээ давхардлыг арилгах, ижил суурьтай багц хөтөлбөр бий болгох, оюутанд сонголт хийх боломжийг өргөжүүлэх зэрэг зорилгоор 143 мэргэжлийн  сургалтын төлөвлөгөөг 20 багц, 57 дан төлөвлөгөө болгон өөрчлөн зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.  2012-2013 оэы хичээлийн жилд 32,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 32,4 тэрбум төгрөгийг сургалт, эрдэм шинжилгээний зардлыг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Нийт орлого өмнөх хичээлийн жилээс 6,6 тэрбум төгрөг буюу 25,3 хувиар өссөн бөгөөд бүтцийн хувьд сургалтын төлбөр нийт орлогын 78 хувь, туслах үйл ажиллагааны орлого 18 хувь, улсын төсвийн санхүүжилт 4  хувийг тус тус эзэлж байна. Сургалтын төлбөрийн 25,3 тэрбум төгрөгийн орлогын 94 хувь нь суралцагчдын хувийн төлбөрөөр, үлдсэн 6 хувь нь сургалтын төрийн сангаас орж ирсэн байна.  Мөн сургуулийн нийт зардал өмнөх онтой харьцуулахад 20,8 хувийн өсөлттэй байгаа бөгөөд энэ хугацаанд цалингийн зардал өмнөх оныхоос 5,4  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нийт зардлын өсөлтийн 80,4 хувийг эзлээд байна. Дээд боловсролын  тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой тэтгэвэрийн тэтгэмжийн асуудлыг МУИС санхүүжүүлж эхэлсэн бөгөөд үүнд 104,5 сая төгрөг зарцуулжээ. Улмаар МУИС сургалтын орчныг сайжруулахад нийт 1,5 тэрбум төгрөг зарцуулснаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 705 сая төгрөгний өртөг бүхий 7 лаборатори, 190 сая төгрөгний өртөг бүхий их засварын ажил хийгджээ. МУИС өөрийн хөрөнгөөр 659,5 сая төгрөгний өртөг бүхий их завсарын ажлыг хийсэн  байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар