МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Проф О.Мөнхбаттай хийсэн ярилцлага
Сайн байна уу? 2013 оны 11 дүгээр сар 8-ний өдөр МУИС-ийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Ямар ямар асуудал хэлэлцсэн талаар Та мэдээлэл өгнө үү.
О.М: Өнгөрсөн удаагийн хурлаар МУИС-ийн бүтэц, зохион байгуулалт болон Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. МУИС-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлж, эх орондоо, олон улсад өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлдэх, үр өгөөжтэй, нээлттэй, сонголттой сурах орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Хурлаар МУИС-ийн одоогийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний ухааны чиглэлийн нэгж бүхий бүтэцтэй байх нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзлээ.
Одоогийн бүтцийг өөрчлөх ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ? Энэ тухай товч ярина уу?
О.М: МУИС бол боловсролын үйлчилгээний байгууллага. Бид хэрэглэгчдэд оюутнуудад шинжлэх ухааны мэдлэг, арга зүй, хэрэглээний ур чадвар олж авах боломжийг санал болгохын зэрэгцээ хүмүүсийн хамтын нийгэмлэгт амьдрах ухаан, соёлыг өөртөө шингээсэн нийгмийн идэвхтэй гишүүн байх хэрэгцээг хангахад шаардлагатай универсал мэдлэг оюуныг эзэмших боломжийг санал болгодог. Түүнчлэн их сургууль нь суурь судалгааг хөгжүүлэх замаар нийгэм, байгалийн шинжлэх ухааны шинэ мэдлэг, онол арга зүйг урагшлуулах нөхцөл боломжийг бүрдүүлдэг цөөхөн институцийн нэг юм л даа. Энэ утгаараа МУИС-ийн бүтэц нь оюутанд үйлчилдэг, багш судлаачдын хөгжих боломж бололцоог хангах замаар чанартай мэдлэг, ур чадварыг зах зээлд, хэрэглэгчдэд нийлүүлж, өрсөлдөх чадвартай, хөрвөдөг, үр өгөөжтэй, чадварлаг, мэдлэгтэй, хөдөлмөрийн зах зээлд борлуулагддаг боловсон хүчнийг бэлдэх зорилгыг хэрэгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх учиртай. Харамсалтай нь одоогийн бүтэц бол эрдэм ном, мэдлэг чадварын үндсэн дээр буй болдог эрдэм оюуны ялгарлыг биш харин эрх мэдэл албан тушаалд тулгуурласан хүнд суртлын шаталсан давхраажлыг бий болгож, сургуулийн мөнгө санхүү, хүний хязгаардлагдмал нөөцийг үр өгөөжгүй, хяналтгүй зарцуулах боломжийг нээн, хариуцлагагүй байдлыг өөгшүүлж байгаа юм.
Судалгааны дүнгээс үзэхэд МУИС-ийн 4 багшид 1 удирдах албан тушаалтан ноогдож байна. Түүнчлэн докторын зэрэгтэй 2 багшийн 1 нь ямар нэгэн захиргааны албан тушаал эрхэлж байгаа нь үүний тод жишээ юм. Зөвхөн энэ бюрократи тогтолцоог өөрчлөхөд наад зах нь жилд 1 тэрбум хүртэлх төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан дүн гардаг. Орон нутгийн салбаруудыг оролцуулахгүйгээр 14 салбар сургууль, 90 орчим тэнхимтэй одоогийн бүтэц нь үрэлгэн байдлын “сонгодог” жишээ болж байна. Та нар бод л доо, сургууль бүр захирал, дэд захирлууд, сургалтын албаны даргатай гээд бодохоор овоо том тоо гарч байгаа биз. Энэ хүмүүсийн ихэнх нь хичээл заадаггүй, ЭШ-ний ажил хийдэггүй гэтэл тэд маань өөр өөрийн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг шүү дээ.
Хамгийн гол нь энэ бүтэц шинжлэх ухааны интеграчлал, салбар дундын, салбар хоорондын судалгаа шинжилгээг хөгжүүлэхэд хамгийн том саад тотгор болж байна. Багш нар нэг нэг жижиг сургууль, нэг нэг жижиг тэнхимд харьялагддаг болсноор хашаалагдан тусгаарлагдаж, сэтгэл зүйн хувьд төдийгүй орон зай, материаллаг нөөц боломжийн хувьд “хашаалсан” хязгаарлагдмал байдалд ороод байна. Ийм нөхцөлд оюутны сонгох боломж аль нэг тэнхмийн гарын таван хуруунд хүрэхгүй багш нараас хэтрэхгүй байгаа нь чанартай боловсрол олж авах боломжийг үгүй хийж байна. Манай МУИС-ийн зарим тэнхим 1-2 хүний бүрэлдхүүнтэй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл МУИС одоогийн байдлаар 160 гаруй хөтөлбөртэй гэж үзэхэд нэг хөтөлбөрт дунджаар 3-4 багш оногдож байна гэсэн үг.
Ер нь одоогийн бүтэц бол 90-ээд оноос хойш бий болсон, “задрал, салан тусгаарлах” сэтгэл зүйд суурилсан, шинжлэх ухаан бүр өөр бусад шинжлэх ухаанаас эрс ялгаатай гэдгийг нотлохыг оролддог, хашаа хороо босгодог асан 19 дүгээр зууны үеийн сэтгэлгээний үргэлжлэл болсон бүтэц шүү дээ. Гэтэл өнөөдөр, 21 дүгээр зуунд шинжлэх ухааны интеграчлал асар хурдасч, шинжлэх ухаануудын уулзвар зааг дээр шинэ шинэ ухаан үүсч, салбар хоорондын судалгаа шинжилгээ бодит байдал төдийгүй өрсөлдөөнд ялж гарах үндсэн нөхцөл болоод байна. Тэгэхээр өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөөнд ялж гарах эсэх, урьдын адил үндэсний тэргүүлэх их сургууль хэвээр байж, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өнөөдөр бид МУИС-ийн бүтцийг хөгжлийн чөдөр бус харин чанартай сургалт, судалгаа шинжилгээний хурдацтай хөгжлийн нөхцөл, ташуур болохуйц байдлаар өөрчлөн байгуулах нь зүйтэй юм. Шинээр байгуулахаар зорьж байгаа бүтэц нь Улаанбаатар хотын эмх замбараагүй гэр хорооллыг санагдуулж байгаа одоогийн байдлыг халж, чанартай сургалтыг оюутанд санал болгож чаддаг, шинжлэх ухааны судалгаа шинжилгээг хөгжүүлэх таатай дэд бүтэцтэй, дарга удирдлагад бус харин оюутанд үйлчилдэг, багш профессорын хөгжлийг дэмждэг бодлого эрх зүйтэй, орчин үеийн “метрополитен” тогтолцоо руу шилжих боломжийг хангана гэж үзэж байна.
МУИС-ийн бүтэц зохион байгуулалтыг багш оюутнаар хэлэлцүүлэхгүй, Удирдах зөвлөл дангаар шийдвэр гаргаж байна гэсэн шүүмжлэл гарч байгааг юу гэж тайлбарлах вэ?
О.М: Боловсролын тухай хуулийн 36-р дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 11-р зүйл заалтад сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай шийдвэр гаргах эрх үүргийг Удирдах зөвлөлд өгч хуульчилсан байдаг. Бид Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа.
Түүнээс гадна энэ удаагийн хурлын шийдвэр нь ирээдүйн бүтцийн чиглэл нэгжүүдийг тодорхойлж, бэлтгэл ажлыг ханган бүтэц зохион байгуулалтын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах, багш оюутаны оролцоог хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгасан. МУИС-ийн эрдмийн хамт олноос оновчтой сайхан шийдэл, санал санаачлага гарна гэдэгт би итгэж байна. Иймээс манай багш оюутнууд өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Мөн энэ шийдвэр нэг өдөр л гэнэт гарсан зүйл биш шүү дээ. МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн асуудал сүүлийн 2-3 жилийн турш хамгийн их яригдсан асуудал. Энэ чиглэлээр олон удаагийн хэлэлцүүлэг, дотоод төсөл хэрэгжсэн байдаг.
Жишээ нь гэхэд л МУИС-ийн Удирдах зөвлөл, МУИС-ийн Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөлийн санааачлагаар зохион байгуулсан “Бүрэлдхүүн сургуулиуд МУИС-ийн хөгжлийн бодлогод” нээлттэй хэлэлцүүлэг 2013 оны 4 дүгээр сар 20 –нд МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд (Дугуй заал) болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн бүрэлдхүүний 16 сургуулиас УБ хотод байрладаг 14 сургуулийн захиралууд өөрсдийн удирдаж байгаа сургуулийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөтөлбөрийн давхардлыг арилгах, бакалавр, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх чиглэлээр өөрсдийн бодлого төлөвлөгөө, алсын харааг нийт оролцогчдод танилцуулсан Бодлогын илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн юм. Харин хэлэлцүүлэгт 14 бүрэлдхүүн сургуулийн захирлуудаас 11 нь оролцож, илтгэл тавьсан бөгөөд ОУХС, ББТС, МХСС захирлууд оролцоогүй. Мөн 2013 онд ФЭС-ийн захирал проф Даваасамбуу багшийн удирдсан баг “МУИС-ийн бүтцийг боловсронгуй болгох нь” сэдвээр дотоод төсөл хэрэгжүүлсэн байдаг.
Эдгээр хэлэлцүүлэг, дотоод төслийн үр дүн нь МУИС-ийн бүрэлдхүүн сургуулиудын тухайд хөтөлбөрүүдийн давхардал туйлдаа хүрч, хүн хүч, санхүүгийн нөөцийг тарамдуулсан, салбар хоорондын хамтын ажиллагааг боомилсон нөхцөл байдал бүрдсэн, бүтэц хэт жижгэрсэнээс давхардал үүсч, үрэлгэн, үр өгөөжгүй бүтцийн тогтолцоо бий болсон гэдгийг харуулсан. Энэ бүх материалыг www.num.edu.mn -аар бүрэн эхээр нь олж авч болно. Оюутаны хувьд хамгийн гол хэрэгцээ нь юу вэ гэвэл мэдээж чанартай боловсрол олж авах явдал. Тэгвэл одоогийн тогтолцоо тэдний сонголтыг хязгаарлаж, тэнхмээс тулгасан хэдэн хичээл сонгож, 3-4 багшаас л мэргэжлийн хичээлээ сонсож байна шүү дээ. Харин шинэ тогтолцоо нь тэдэнд МУИС-ийн хөтөлбөрүүдээс сонгох, чадвартай, мэдлэгтэй судлаач профессор багшийн хичээлийг сонгох өргөн сонголтыг санал болгох юм. Тэгээд ч байгуулагдах ажлын хэсэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар багш оюутны аль алины оролцоог сайтар хангаж ажиллах болно. Нөгөө талаас МУИС нь үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан үйлчилгээ бүтээгдхүүнийг санал болгох ёстой авч харин тэр үйлчилгээгээ яаж зохион байгуулах, ямар бүтцээр хүргэх вэ гэдгээ үйлчлүүлэгчээрээ бус холбогдох хуулийн дагуу өөрсдөө шийдэх ёстой.
Үйлдвэрчний эвлэлийн оролцоог Та хэрхэн үзэж байна вэ
О.М: Мэдээж, багш ажилтаны эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд үйлдвэрчний эвлэл оролцох нь зүйн хэрэг. Гэхдээ МУИС-ийн бүтэц зохион байгуулалтыг ямар байх ёстой гэдгийг үйлдвэрчний эвлэлээс бид асуух албагүй тэд ч үүнд оролцох ёсгүй гэж бодож байна. Бүтцийн өөрчлөлт нь багш ажилтаныг халах ажилгүй болгоход чиглээгүй бөгөөд харин энэ хүмүүсийн мэдлэг чадвар, хүний капиталыг аль болох үр өгөөжтэй ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ бүтцийн өөрчлөлт зөвхөн сургалтын тогтолцоог хөндөж байгаа биш бөгөөд МУИС-ийн захиргаа, санхүү, эрдэм шинжилгээ, харьяа аж ахуйн нэгж зэрэг макро бүтцийн асуудлыг бүхэлд нь хамарна. Ингэснээр нөөц боломжийг үр ашигтай зарцуулах боломж нээгдэн ажлаа хийж чадаж байгаа багш ажилтаны цалин, нийгмийн хамгаалал нэмэгдэх урьдчилсан нөхцөл бий болно. Харин МУИС-ийг орлого олох хоёрдахь эх үүсвэр болгож, ажил хийсэн дүр эсгэдэг хүмүүс эндээс явахад хүрнэ.
МУИС-ийн Удирдах зөвлөлд ажлын хэсэг байгуулагдлаа гэсэн, та энэ талаар товч мэдээлэл өгнө үү
О.М: МУИС бол сургалт эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд энд аливаа нэгэн улс төрийн оролцоо байх ёсгүй. Гэтэл үнэн хэрэгтээ улс төрчид, нам эвслүүдийн оролцоо, дарамт жилээс жилд нэмэгдэж байна. Олон жилийн турш МУИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд хувьдаа их дээд сургуультай, сонирхлын зөрчилтэй сайд дарга нар олноор орж, өөрсдийн намын нөлөөлөл, улс төрийн амбицаа тулгаж хүлээлгэж ирсэн. Харин одоогийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөлд ямар ч сайд, дэд сайд, намын дарга нар байхгүй харин МУИС-ийн хөгжлийн төлөө санаа тавьдаг, гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд боловсрол эзэмшсэн сэхээтний төлөөлөл орсон бөгөөд энэ боломжийг бид МУИС-ийн хөгжилд ашиглахыг зорьж байна. Чухамдаа эл зорилгын үүднээс МУИС-ийн эрх зүйн статусыг боловсронгуй болгох, их сургуулийн бие даасан байдлыг хууль эрх зүйн хувьд баталгаажуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах Хөгжлийн хороо/ажлын хэсэг байгууллаа. Түүнчлэн хариуцлагын тогтолцоог МУИС-д хэвшүүлэх, мөнгө санхүүгийн сахилга бат, мэдээллийн ил тод шударга байдлыг нэмэгдүүлэх үүднээс Аудитын хороо байгуулж ажилд нь оруулахаар боллоо.
Ярилцлагын төгсгөлд та юу нэмж хэлэх вэ?
О.М: МУИС-ийн Стратеги төлөвлөгөөнд бид сургуулиа дэлхийд өрсөлдөх чадвартай, судалгааны их сургууль болгон хөгжүүлнэ хэмээн заасан. Үүнийг цаасан дээр тунхаглаад орхих биш харин хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Маргаашийн зорилгод өчигдрийн арга барилаар хүрэх боломжгүй гэсэн нэг үг бий дээ. Үүний тулд хөгжилд баримжаалсан өөрчлөлтийг бид хийх шаардлага тулгараад байна. Ингэхдээ мэдээж, судалгаатай үндэслэгээтэй, гарч болох сөрөг нөлөөллийг тооцсон, хүрэх үр дүн нь учрах эрсдлээс давсан, урт удаан хугацааны үр өгөөжид баримжаалах ёстой. Гэхдээ энд “аливаа ажлыг хэлэлцэж зөвлөлдөхгүй хийх аюултай гэхдээ хэлэлцсээр зөвлөлдсөөр байгаад хийхгүй бол бүр ч аюултай” гэсэн үгийг санах нь зүйтэй гэж би боддог.
Ярилцлага өгсөн Танд баярлалаа.