“УТГЫН ЧИНАДАД ХҮРЭХҮЙ” яруу найргын наадам амжилттай боллоо

Share Button

МУИСОХ, Оюутны Конгресс, МУИС, ГХСС-ийн Түрэг судлалын тэнхимийн дэргэдэх нүүдэлчдийн утга соёлын “ТАВАН УХААН” клуб, МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “ХОС УЯНГА” нэгдэл хамтран яруу найраг шимтэн сонирхогч нийт оюутнуудынхаа дунд “УТГЫН ЧИНАДАД ХҮРЭХҮЙ” яруу найргийн наадмыг амжилттай сайхан зохиолоо.

1

Энэ наадамд МУИС-ийн МХСС, НШУС, ББС, ХЗС, ЭЗС, МУБИС, ШУТИС, СУИС, ЭМШИУС, РТДС, УЗНАДС, Их Монгол ДС, Энх-Орчлон ДС, Гурван Эрдэнэ ДС, Шихихутуг ДС, Зохиомж ДС, Идэр ДС-ийн 40 гаруй оюутан оролцсон бөгөөд наадмын шүүгчдээр Утга зохиол шүүмжлэгч, судлаач Г.Батсуурь, Яруу найрагч Г.Баяр, МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан нар шүүн тунгаалаа.

2

Яруу найргийн наадмыг гурван үе шатаар явуулсан бөгөөд эхний шатанд шүлгээ ирүүлсэн бүх оюутнууд уншсан бол хоёрдугаар шатанд 20 шүлэгчийг шалгаруулав. 2-ын даваанд 11 шүлэгч үлдэж эдгээр шүлэгчдээс шагналт байрын эздийг тодрууллаа. Үдшийн 19.30 цагаас эхэлсэн наадам 23 цагийн үед шувтарч шүүгчид дүнгээ нэгтгэсэн бөгөөд энэ наадмын манлай шүлэгчээр СУИС-ийн харьяа Радио Телевизийн Сургуулийн оюутан Ч.Ренчиндорж шалгарсан бол дэд байрт МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулийн оюутан М.Батбаяр, гутгаар байрт мөн ангийн оюутан Э.Хишигсүрэн нар шалгарав. Харин тусгай байрыг МУИС-МХСС-ийн Утга зохиолын ангийн оюутан Б.Алтанхуяг, УЗНАДС-ийн оюутан Г.Хашбаатар нар эзэллээ. Мөн Хос Уянга нэгдэл өөрийн нэгдлийн нэрэмжит шагналаа Зохиомж дээд сургуулийн оюутан Т.Болор-Эрдэнэд гардууллаа.

3

Тэргүүн байрын шүлэгч монгол уран бичлэгээр бичсэн өргөмжлөл, 150000 төгрөг, дэд байрын шүлэгч мөн өргөмжлөл, 100000 төгрөг, гутгаар байрын эзэн өргөмжлөл 80000 төгрөг, тусгай байрын хоёр оролцогч өргөмжлөл, 60000 мянган төгрөгийн шагнал тус тус гардсан бол Хос Уянга нэгдлийн шагнал хүртсэн Т.Болор-Эрдэнэ өргөмжлөл, номын дээж, үзгээр шагнууллаа. Энэ удаагийн уралдааны өргөмжлөлийг Монгол бичиг соёлын “ХОС УЯНГА” нэгдлийн уран бичээчид бийрээр бичиж үүнээс хойшхи аль ч уралдаан наадмуудад хэвшүүлмээр сайхан ажлыг эхлүүллээ. Мөн яруу найргийн наадамд оролцсон оролцогч бүрийн нэр болоод бичүүлэхийг хүссэн үгсийг тэр дор нь бичиж өгч үйлчилсэн нь оролцогчид болоод үзэгчдийн сэтгэлд нийцсэн зүйл боллоо.

4

Энэ наадмын ерөнхий шүүгчээр МУИС-МХСС-ийн багш, утга зохиол шүүмжлэгч Г.Батсуурь ажилласан бол шүүгчдээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан, яруу найрагч Г.Баяр нар ажиллав.

Ирэх хавар энэ уралдаан маань мөн болох бөгөөд залуу найрагч, залуу шүлэгчдээ ахин оролцохыг урьж байна.

Яруу найргийн тэнгэр Янжинлхам бурхан ивээг.

7

5

6

МУИСОХ, Оюутны Конгресс

Нүүдэлчдийн утга соёлын “ТАВАН УХААН” клуб,

Монгол бичиг соёлын “ХОС УЯНГА” нэгдэл.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар