Олон улсын оюутны эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. 1941 онд Олон улсын оюутны зөвлөлийн санаачилгаар НҮБ-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгосон байдаг.
Жил бүрийн энэ өдрийг “Монголын оюутны өдөр” хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг “Монголын оюутны эрхийн өдөр” болгож бас тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын оюутны эрхийн өдөр МУИС-ийн нэрэмжит “Оюутны оролцоо-Монгол улсын хөгжилд” 3 дугаар чуулга уулзалт амжилттай чуулж өнгөрлөө. Уулзалтыг МУИСОХ, Оюутан конгресс санаачлан “Оюутанд үйлчлэх төв”-тэй хамтран зохион байгуулсан юм. Нээлтийг МУИС-ийн захирал А.Галтбаяр нээж үг хэлсэн юм. Түүчлэн уулзалтад МУИС-ийн сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг болон ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар байлаа.
Энэ үеэр МУИС-ийн захирал А.Галтбаяр “МУИС-ийн бүтэц, оюутанд олгох боломж” сэвдээр оюутан залууст лекц уншсан юм. Дээрх сэдэв агуулгын хүрээнд олон санал санаачилга өрнүүлсэн уг чуулган нь оюутны үр ашигтай судалгааны ажлыг тогтмол хэлэцүүлэх, улмаар улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогод тусгах, эрдэмлэг залуу үеийн дуу хоолойг, олон нийтэд хүргэх замаар тэдний чадвар, чадамж бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилго агуулж байлаа. Чуулганы үйл ажиллагааг оролцогчид өндрөөр үнэлж, МУИСийн оюутан бид сурлага, хүмүүжлийн үлгэр жишээ байж, эх орныхоо хөгжилд ихийг бүтээх, тэргүүн эгнээний чадварлаг мэргэжилтэнгүүд болон төгсөнө гэдгээ ч илэрхийлж байлаа.