Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Баррозо албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирсэн билээ. Монгол Улс Европын холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хорь гаруй жилийн хугацаанд тус холбооны Ерөнхийлөгчийн төвшинд Монголд анх удаа айлчлал хийж буй нь энэ юм.
Тэр дундаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад чухал нөлөөтэй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталсны дараахан хэрэгжиж байгаа айлчлал гэж хэлж болно. Энэхүү айлчлалын хүрээнд Европын Комиссийн Ерөнхийлөгч ноён Ж.М.Баррозод МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2013 оны 3 сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу МУИС-ийн хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Уг ёслолын ажиллагаанд Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Баррозо болон МУИС-ийн захирал А.Галтбаяр болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Ноён Ж.М.Баррозо тэрээр МУИС-ийн Хүндэт доктор болсондоо сэтгэл хангалуун буйгаа энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид дуулгахын сацуу сонирхолтой лекц уншиж, чөлөөт ярилцлагыг өрнүүлсэн юм. Ноён Ж.М.Баррозо хэлэхдээ Европын комиссын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад анх удаа хийж буй энэхүү айлчлал нь Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өгч буй ач холбогдлын илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлэн хэллээ.