Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ

Share Button

muis-logo-bl1Эрдмийн зөвлөлийн нэр бүхий гишүүд “Эрдмийн зөвлөлийн эрх, үүргийг хөндсөн” асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай болсон тул Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлаас энэ Баасан гаригт буюу 11 сарын 22-ны өдрийн 17.00 цагаас уг зөвлөлийн хурлыг хийх товыг тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн.  Гэхдээ Тэргүүлэгчдийн хурлаас ээлжит бус хурал хуралдуулах санал гаргасан гишүүдэд асуудлыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэх үндэслэлээ гарган ирэх шаардлагыг тавьсан юм.

Өчигдөр буюу 11 сарын 18-ны өдөр ээлжит бус хурлыг санаачлагчид ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үндэслэлээ Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүллээ. Гэвч ирүүлсэн үндэслэл нь ээлжит бус хурал зарлан хуралдуулах талаар өмнө гаргасан хүсэлтээсээ агуулгын хувьд өөрчлөгдсөн тул Тэргүүлэгчид уг асуудлыг өнөөдрийн хурлаараа авч хэлэлцээд, эдгээр баримт бичгүүдээ өөр хооронд нь нийцүүлэх шаардлагыг хурал санаачлагчдад хүргүүлэхээр тогтов.

Өнөөдрийн нөхцөл байдлыг тайлбарлахад, нэг талаас Удирдах зөвлөлөөс МУИС-ийн дүрмийг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх ажлын хэсэг байгуулж, дүнг 12 сарын 15-ны дотор танилцуулахыг захирал А.Галтбаярт даалгасан тогтоолыг 11 сарын 8-ны өдрийн хурлаас баталсан, нөгөө талаас Эрдмийн зөвлөлийн зарим гишүүд Захиргааг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрх үүргийг хөндсөн үйл ажиллагааг явуулсан гэж буруутгаад байгаа юм.

Иймд Эрдмийн зөвлөлийн Тэргүүлэгчид энэхүү зөрчилтэй асуудлыг авч хэлэлцээд, МУИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолын дагуу МУИС-ийн дүрмийг өөрчлөх ажлын хэсэгт Эрдмийн зөвлөлийн 12 гишүүнийг оролцуулан ажиллуулахаар тогтож, өмнө зарлагдаад байсан ээлжит бус хурлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар