МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн Шашин судлалын тэнхим, Шашин судлалын Монголын нийгэмлэг, БНСУ-ын Ханшин Их сургууль, Солонгосын Шашин судлалын холбоо, БНХАУ-ын Далианы Их Сургуультай хамтран “ДЭЛХИЙН ШАШИН СУДЛАЛЫН ЧИГ ХАНДЛАГА БА МОНГОЛЫН ШАШИН СУДЛАЛ: ОРЧИН ҮЕ БА ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, доктор, профессор О.Мөнхбат, НШУС-ийн захирал доктор Г.Эрдэнэбаяр, Шашин Судлаачдын Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор С.Цэдэндамба, БНСУ-ын Ханшин Их Сургуулийн Шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Руи Сунг Мин нар үг хэллээ.
Хуралд оролцогчид
Эрдэм шинжилгээний хурлын үеэр доктор С.Цэдэндамба “Дэлхийн шашин судлалын чиг хандлага ба Монголын шашин судлал”, БНСУ-ын Шашин судлалын холбооны ерөнхийлөгч, доктор Руи Сунг Мин “Дэлхийн шашин судлалын чиг хандлага: анализ ба шүүмжлэл судалгаа”, доктор М.Гантуяа “Орчин үеийн Монголчуудын шашин шүтлэгийн байдал” , доктор Чо Хуеон Беом “Солонгосын шашин судлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, МУИС-ийн Шашин судлалын тэнхмийн багш, доктор С.Янжинсүрэн “Монгол дахь буддын шашны судалгаа: уламжлал, орчин үе, асуудлууд”, БНХАУ-ын Далианы их сургуулийн багш, доктор Цуй Фенлонг “Хятадын шашин судлалын орчин үе ба тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлүүдээ хэлэлцүүллээ.
БНСУ-ын Ханшин их сургуулийн Шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Руи Сунг Мин үг хэлж байгаа нь
Хуралд оролцсон шашин судлаачид Азийн шашин судлалд Монгол, Солонгос, Хятадын шашин судлаач эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлж, хамтарсан судлагаа хийх, залуу судлаачдыг бэлтгэх, харилцан шашин судлалын эрдэм шинжилгээ, судлагааны мэдээлэл солилцох талаар санал бодлоо солилцлоо.
БНСУ-ын төлөөлөгчид Монголын түүх, хууль эрх зүйн чухал сурвалж болох Юань улсын хуулийг МУИС-ийн Шашин судлалын тэнхмийн эрхлэгч доктор М.Гантуяад гардууллаа.