Цагаан сарын баяр дээр баяр нэмсэн гавьяат багш М.Баянтөр

Share Button

МУИС-ийн профессор, Газарзүйн тэнхимийн ахмад багш М.Баянтөр XYII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн босгон дээр “Монгол Улсын гавъяат багш” гэсэн эрхэм хүндтэй цолоор шагнууллаа. Гавъяат багш профессор М.Баянтөр их, дээд сургуульд нийт 53 жил багшилж, үүнээс 28 жил нь МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллан, дээд боловсролтой газарзүйч бэлтгэх тогтолцоог үүсгэн, боловсронгуй болгож, бэхжүүлэх ажлыг удирдан, онцгой үүрэг гүйцэтгэсэн сурган хүмүүжүүлэгч.

1

Одоо МУИС-ийн Газарзүйн салбарын багш нарын 90%, МУБИС, ХААИС-н Газарзүйн тэнхмийн эрхлэгчид, тэргүүлэх багш профессорууд, ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ихэнх ажилтнууд нь М.Баянтөрийн багшийн шавь нар бөгөөд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг зохих төвшинд явуулж байна. М.Баянтөр багшийн мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа МУИС-ийн Газарзүйн салбараар хязгаарлагдаж байгаагүй юм. БНМАУ-ын СнЗ-ийн УДТДТМБХ-нд /тэр үеийн нэрээр/ Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа  эх орны хөгжилд чухал хэрэгцээтэй баялаг болсон дээд боловсролтой мэргэжилтнийг тухайн үед бололцоотой байсан бүх орнуудад сурган бэлтгэх, чухал ач холбогдолтой ажлыг удирдан үнэтэй хувь нэмэр оруулсан.

2

Профессор М.Баянтөр өөрийн ажлын үр дүн болсон олон мянган газарзүйч багш нар ажилладаг дунд сургуулийн газарзүйг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн. Түүний зохиож хэвлүүлсэн сурах бичгүүд нь манай орны ирээдүй, хойч үед эх оронч хүмүүжил олгох, сүүлийн үед онцгой тавигдах болсон байгаль хамгаалал, ногоон эдийн засгийн ойлголт, үзлийг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсээр байна.

3Багш маань он удаан жил багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан эрдэмтэн. Тэрээр сүүлийн 50-иад жилийн турш Монгол улсын хүн ам, хот суурингийн нийгэм-эдийн засгийн газарзүйн чиглэлээр дагнан судалгаа хийж, нэгэн сэдэвт зохиол-10, ном, сурах бичиг-14, гарын авлага зөвлөмж-7, эрдэм шинжилгээний өгүүлэл-60, эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүлэл-12, ном өгүүлэлд зориулж бичсэн шүүмж-12-ийг бичиж, 28 ном зохиол, карт, атлас редакторласан. Түүний удирдлагаар 6 эрдэмтэн, 17 магистр хамгаалж, одоо 4 докторант, хэд хэдэн магистрын дипломын ажлын удирдагчаар ажиллаж байна.

Тэрээр 1973 онд  дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 1985 онд “Доцент”, 1996 онд  МУИС-ийн “хүндэт профессор”, 2004 онд МУИС-ийн “профессор”, 2001 онд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын УБИС-ийн “Зочин профессор” цолыг тус тус хүртсэн нь эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй эрдэмтэн болохыг илэрхийлнэ. Эдүгээ манай орны боловсрол, эрдэм шинжилгээний салбарт ажиллаж буй нийт газарзүйчид, газарзүйн багш, судлаачдын дийлэнх олонх нь түүний шавь болон бүгд түүний бүтээсэн ном, бүтээлийг ашигладаг тул түүнийг багш аа хэмээн хүндэтгэдэг юм.

М.Баянтөр багшийн маань хийж бүтээсэн олон зүйлээс товчлон дурдахад ийм бөгөөд нөр их хөдөлмөрийг нь төр засгаас үнэлж, “Монгол улсын гавъяат багш” хэмээх алдар цолоор шагнагдсанд нь хамт олон, шавь нар нь баярлан талархаж, эрүүл энх байж, урт удаан наслан улам ихийг хийж бүтээхийг ерөөж байна.

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар