МУИС бол Австралийн хэд хэдэн их сургуультай идэвхитэй хамтын ажиллагаатай бөгөөд үүнд Ла-Тробе-ийн их сургууль, Кюнзлэндийн их сургууль, Австралийн Үндэсний Их Сургууль (АҮИС) зэрэг орно. Күнз Лэндийн Их Сургуультай боловсрол судлалын чиглэлээр, Ла-Тробийн их сургуультай бизнес, эдийн засгийн сургалт судлалаар, АҮИС-тай монгол судлалын чиглэлээр илүү ойр ажиллаж байгаа гэж хэлж болно. Уг нь бүх сургуулиудтай олон талаар хамтран ажиллах гэрээтэй боловч хоёр их сургуулийн хоорондын профессоруудын хамтын ажилагааны идэвхи санаачлагаас шалтгаалан зарим талаар илүү идэвхитэй, зарим талаар учир дутагдалтай явж байх шиг байна. Би өөрийн ойр дөт ажилладаг АҮИС-ийн талаар энд голлон бичье гэж бодсон юм. 2011 онд Монгол судлалын хүрээлэнгийн захиралаар томилогдсоноос хойш тус их сургуультай төрөл бүрийн хэлбэрээр хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө ажиллаж одоо нэгэнт үйл ажиллагаа тогтмолжиж байна гэж хэлж болох байх.
Австралийн Үндэсний их сургууль (АҮИС) бол 1946 онд Австралийн Парламентаар хүлээн зөвшөөрүүлж байгуулагдсан ганц үндэсний их сургууль бөгөөд манай их сургуулиас насаар дөрөв дүү боловч үндэсний хэмжээндээ нэгдүгээрт, дэлхийн их сургуулиудын QS-ийн (Quacquarelli Symonds) ранкаар бүр 27-т жагсдаг дэлхийн дайдад үздэг том их сургууль болжээ. Тухайлбал, улс төр, олон улсын харилцаа, газар зүй зэрэг нийгмийн шинжлэх ухаан судлалаар дэлхийн олон их сургуулийн өмнө гишгэж байна. Тус их сургуулиас аль хэдийн John Eccles, Howard Florey, John Hаrsanyi, Rolf M Zinkemagel, Peter Drhety, Brain Schmidt нарын зэрэг зургаан нобелийн шагналтан сэтгэл судлал, анагаах, эдийн засаг, физикийн салбарт төрчихсөн байна.
Мөн Австралийн нэр нөлөө бүхий улс төрчид, үе үеийн ерөнхий сайдууд, их хурлын гишүүд, гадаад дотоодын их сургуулийн захирал, ректорууд, нэртэй төртэй улс төрч, тив дэлхий дамнасан хүчирхэг эдийн засагчид, банкирууд төрүүлсэнээрээ бахархаж байдаг юм байна. Эхний үед зөвхөн дипломын дараах сургалт голлож байсан бөгөөд Канберра Их Сургуулийн Коллежийг 1960 онд нэгтгэсэнээр баклаврын сургалт явуулж эхлэсэн байна. Одоо тус сургуульд 10,000 гаруй баклаврын оюутан, 9.937 судлаач оюутан суралцаж, 3958 багш ажилтан ажиллаж байна. Тус их сургуулийн хөрөнгө оруулалт мөнгөний нөөц сан 2010 он байдлаар 1237 миллиард австрали долларт хүрээд байна. Дэлхийн нэр нөлөө бүхий их сургуулиуд Английн Кембриж, Оксфорд, Америкийн Калифорниа, Бэркелей, Ийлэ их сургуулиуд, Бээжин, Токио, Копенгагэн, Зүрикийн Их Сургууль, Сингапурын Үндэсний их сургууль, түүний дотор Монгол Улсын Их Сургуультай найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна.
АҮИС бол 2006 оноос мөн бүтцийн өөрчлөлт хийж одоо Art and Social Sciences, Asia and the Pacific; Business and Economics; Ingeenering and Computer Science; Law; Medicine, Biology and Environment; Physical and Matemahtical Science гэсэн 7 салбар бүхий коллежийн системээр сургалт, судалгааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд коллеж бүр дотроо сургууль, хүрээлэнгийн бүтэцтэй байдаг аж. Тухайлбал, Монгол судлалын судалгаа багтаж байдаг Ази, номхон далайн коллеж гэхэд Ази номхон далайн хэлний төв, Кравфордын Нийтийн бодлогын төв гэсэн хоёр нэгжтэй байх жишээтэй. Мөн үндэсний хэмжээний хэд хэдэн хүрээлэнг багтаадаг байна. АҮИС Анагаахын салбарыг сүүлд 2002 онд нээжээ. АҮИС-ийн 6 салбар бүхий номын сан нийт 2.5 сая номоор оюутан суралцагч болон нийтэд үйлчилж байна. Их сургуулийн газар нутгийн нийт талбай 1.7 квадрат км бөгөөд 8 оюутны байртай, их сургуулийн зочин, болон профессорын маш тохилош зочид буудалтай байна.
Австрали бол бас хуучны монгол судлалын уламжлалтай орон гэж хэлж болох боловч албан ёсоор монгол хэл зааж эхлэсэн түүх нь 2010 оноос эхлэжээ. Ер нь бол Номхон далайн орнуудаас хамгийн идэвхитэй судлагаа хийж, манай их сургуулийн эрдэмтэдтэй байнгын харилцаатай байсан нь Австралийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн Игорь Дэ Рахевилц http://www.youtube.com/watch?v=d6YGH4yDROw гуай юм. Австралийн Үндэсний Их Сургуулийн монгол судлаач Игорь Дэ Рахевилз гуай хэдий Итали гаралтай хүн боловч Австрали оронд суурьшиж 1961 онд Австралийн Үндэсний Их сургуулийг төгссөнөөс хойш насаараа их сургуульдаа азийн түүх, тэр дундаа хятад, монголын түүхээр багшилж, “Монголын Нууц товчоо”-г дагнан судласан судалгаагаараа дэлхий дахины монголч эрдэмтдийг бишрүүлсэн нэрт эрдэмтэн билээ. Өдгөө энэ хүн хэдий насан өндөр болж 85 хүрч байгаа ч АҮИС-даа сууж судалгаагаа хийсээр, “Монголын нууц товчоон”-ыхоо гуравдугаар дэвтэрийг хэвлүүлчихсэн, монгол судлалын салбарынхандаа нөмөр түшиг болж зөвлөж, залж хэлсээр сууна.
МУИС, АҮИС хоорондын албан ёсны хамтын ажиллагаа хэдийгээр эхлээд удаагүй ч эрчимтэй урагшилсаар байгаа гэж хэлж болно. 2011 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдыг айлчлах үеэр Австралийн Үндэсний Их сургуульд Монгол Судлалын Төвийг http://chl.anu.edu.au/sites/mongolianstudies/ албан ёсоор нээж, АҮИС АНУ-ын Индианагийн их сургууль хоорондын анхны онлайн хичээлээ заасан байна. Энэ үеэр Монгол Улсын Их Сургууль, Австралийн Үндэсний Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурж, Монгол судлалын төв нээснээ албан ёсоор зарлаж, хамтын ажиллагаа албан ёсоор эхлэсэн билээ. Мөн 2012 онд МУИС, АҮИС-ийн хооронд оюутан, магистрант, докторант солилцох тусгай гэрээ байгуулсанаар тус хоёр их сургуулийн оюутнуудыг байнга солилцох боломж нээгдсэн юм.
Тус их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь монгол судлалын чиглэлээр хамтран ажиллах таатай боломжийг нээсэн бөгөөд Монголын Судлалын Төвийн захиралаар томилогдсон доктор Ли Нарангоо бол тус их сургуулийн Ази Номхон далай судлалын коллежийн багш бөгөөд ХБНГУ, Япон, зэрэг улс оронд өндөр боловсрол олсон профессор хүн билээ. Тэрбээр Монголын Судлалын Төв байгуулсан цагаасаа эхлэн МУИС-тай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр чармайн ажиллаж өнгөрсөн хугацаанд “Mongolia Open Conference”, “Mongolia Update” зэрэг олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, симпозиумыг санаачлан Канберра хотноо зохион байгуулах, монгол хэлний түргэвчилсэн сургалтыг хоёр удаа эрхлэн хичээллүүлэх зэрэг хэд хэдэн хамтын ажиллагааны хөтөлбөр дэвшүүлж бодит ажил болгон амжилттай хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн сарын сүүлээр тус инстиут хоёр дахь удаагийн монгол хэлний түргэвчилсэн сургалт (intensive Mongolian course) http://chl.anu.edu.au/sites/mongolianstudies/_documents/Mongolian_course1A.pdf -аа нээхэд, Австрали, Америк, БНСУ, БНХАУ-ын арав гаруй оюутан, суралцагч, багш, мэргэжилтэн, бизнесмэн уг сургалтанд хамрагдаж Канберра дах Монгол Улсын элчин сайдын яамны ажилтан Г.Хантулга хүрэлцэн ирж монгол хэлийг болон монголыг сонирхогч нар нэмэгдэж, монголын эдийн засаг бизнесийн орчинд австраличууд идэвхитэй оролцож байгааг дурдаж баяр хүргэн үг хэлэв. Ер нь энэ хүрээлэнгийн үйл ажиллагааг Австрали дах Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан цагаасаа халуунаар дэмжин, тусалж ирсэн бөгөөд жил тутам 10,000 австрали доллар тус төвийн үйл ажиллагаанд зориулж байгааг элчин сайд Р.Болд онцолж байлаа.
АҮИС-ийн Монгол Судлалын Төв байгуулагдсан цагаасаа Монгол судлалын нээлттэй бага хурал, Монголиа апдээтийг санаачлан зохион байгуулж тогтмолжуулж байгаа бөгөөд 2011 оны Олон улсын Монгол судлалын нээлттэй анхны хуралд МУИС-иас профессор Д.Түмэн, Ж.Бат-Ирээдүй нар оролцож Дорнод Монголын археологийн судалгаа, Монгол улс дах монгол судлалын талаар илтгэл хэлэлцүүлсэн бол өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон хуралд МУИС-ийн НШУС-ийн доктор О.Оюунжаргал, МХСС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Д.Отгонтуяа, ГХСС-ийн тэнхимийн эрхлэгч Цэнгэлмаа нар Монголын түүх, боловсрол судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн байна. Мөн 2012 оны “Mongolia update”-д Монголын улс төр, эдийн засаг, байгаль орчны нөлөө бүхий судлаач, сэтгүүлч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Жаргалсайхан, Д.Мөнх-Очир, Д.Цогтбаатар нар оролцож хамгийн орчин үеийн асуудлаар илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл өгч, мөн оны сүүлээр Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн гишүүд Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, Ж.Бат-Ирээдүй нар тус их сургуульд айлчилж цаашид монгол судлалын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, тус их сургуульд монгол судлалыг хөгжүүлэхэд Монголын засгийн газар, боловсрол шинжлэх ухааны байгууллагаас бодитой тусалж дэмжихээ амласан билээ.
Мөн тус судалгааны хүрээлэнд профессор Игорь Дэ Рахвелизаас гадна Жак Феннер гэж археологич хамтран ажилладаг юм. Проф. Жак Феннэр бээр 2011 оны намар МУИС-д зочилж, тус их сургуулийн агуулахад хадгалж байгаа археологийн олдворыг нүдээр үзэж, түүнээс сонголт хийн цаашид био анализийн нарийн судалгаа хийх ажилдаа нэгэнт ороод байгаа юм.
Эрдэм шинжилгээний ажилтай холбогдуулан мэдээлэхэд тус их сургуулийн Монгол судлалын төвөөс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байна. Үүнд “Хорьдугаар зууны эхэн үеийн монголчуудын үндэсний асуудал”, “1570-2010 оны Зүүн хойд Азийн газрын зураг”, “20 дугаар зууны Баруун монголчууд”, “Дорнод Монголын археологийн дээж бүтээгдэхүүний судалгаа”, “Монголын это-этнографийн кино бүтээх судалгаа”, “Монголын нууц товчооны судалгаа”, “Зэвсэг хураах ба цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх судалгаа” зэрэг эрдэм шинжилгээний томоохон төсөлүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний ивээн тэтгэх эх үүсвэр, оролцож байгаа улс нь олон улсын судалгааны багийн шинжтэй байна. Эдгээр төслийг тус их сургуулийн доорх нэр бүхий эрдэмтэд http://chl.anu.edu.au/sites/mongolianstudies/dir_staff.php гүйцэтгэж байгаа юм.
Цаашид манай их сургуулийн эрдэмтэн багш нараас Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтэн судлаачидтай монголын судлал болон бусад чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой, бүх нөхцөл нэгэнт бүрдчихсэн байгаа тул МУИС-ийн Гадаад харилцааны хэлтэстэй холбоо барьж энэ чиглэлийн бүх ажилд оролцох боломж нээлттэй байгааг энэ ялдар дуулгахад таатай байна.
Ж.Бат-Ирээдүй, Канберрагаас