2014 оны 3 дугаар сарын 11-нд зохион байгуулагдсан энэхүү уулзалт-семинарт Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газруудын төлөөлөл оролцож нийгмийн инновацийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ МУИС-тай харилцан хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдийг санал болгосныг товчлон хүргэе.
Гадаад харилцааны яам: (Д.Батжаргал, Бодлого төлөвлөлт, судалгааны газрын зөвлөх): Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр боловсруулсан. Том төрөөс ухаалаг төр лүү хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэдээллийн нэгдсэн цахим сантай болох, архивын бичиг баримттай холбон залгамж холбоог хангах, ёс зүйтэй бүтээлч хамт олон болох зорилго тавин ажиллаж байна. Аливаа бодлого, шийдвэр нь судалгаанд суурилж түүнд их хугацаа зарцуулах болж байна. Дипломат академи байгуулах шийдвэр гарсан байгаа. Одоогоор сургалт-судалгааны төв байгуулсан ба энэ нь академийн эхлэл болно гэж үзэж байгаа. Бодлогын судалгаа, лекц, семинар, давтан сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтой.
Хууль зүйн яам: (Др.Д.Сүнжид, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга) Хуулийн зүйн яам одоогоор хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд болон тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх түншлэлийн саналуудыг танилцуулсан. Энэ хүрээнд олон төрлийн судалгаа болон хуульчид, өмгөөлөгчдийн давтан сургах үйл ажиллагаанд хамтран ажиллах боломжойг дурдав. Мөн гүйцэтгэгчийн судалгааны ажлын чанар муу гэх асуудал нэлээд яригддаг үүн дээр анхаарах хэрэгтэйг сануулав.
Батлан хамгаалах яам: (Др.Д.Мөнх-Очир, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга) Цэргийн насны залуучуудын бие бялдарын онцлогийг тодорхойлох судалгааны ажлыг МУИС-тай хамтран хийж байна. Олон улс, орон судлал, сэтгэл судлал, социологи хүний нөөц чиглэлээр болон хууль зүйн сургуультай хамтран ажиллах боломжтой.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам: (Др.Ж.Долгормаа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга) Дэлхий дахинд улс орны хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр бус хүн амын хөгжлөөр хэмждэг болсон. Шинэчлэлийн засгийн газар ч энэ бодлогыг баримталж байна. Хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр хууль, дэд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжтой.
Эдийн засгийн хөгжлийн яам: (Б. Бат-Эрдэнэ, Инноваци, өндөр технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн) Нийгмийн инновацийг хөгжүүлэх боломж харьцангуй өндөр байна. Монгол улсын үндэсний өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлт болох эрүүл мэнд ба суурь боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, технологийн бэлэн байдал зэрэг нь судалгааны тайланд хамрагдсан орнуудын дундаж түвшинд явж байгаа нь нийгмийн инновацийг хөгжүүлэх боломж байгаа гэж дүгнэж байна. Улс орнууд нийгмийн инноваци болон институтын тогтолцоог боловсронгуй болгож байж технологийн инноваци руу шилждэг, инновацийг нийгэмд сурталчлах асуудал их чухал юм.
Сангийн яам:(З.Баянмөнх,Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн) Одоогоор сангийн яам Малын индексжүүлсэн даатгал төсөл, Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл, Олон Салбарыг Хамарсан Техник Туслалцааны төсөл, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслүүд хэрэгжиж байгааг танилцуулав.
БШУ-ны яам:(Др.Б.Насанбаяр, Cтратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга) Яам хөтөлбөрийн индексээ баталсан байгаа үүнтэй уялдуулан бусад хувийн болон төрийн өмчийн их дээд сургуулиудад сургалт зохион байгуулах, хүүхдийн хөгжлийн онцлогийн судалгаа хийх, ахлах сургуулийн хөтөлбөрийг бакалавртай уядуулан боловсруулах, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг тооцох аргачлал болон норм, нормативыг тооцох ажлууд дээр хамтран ажиллахыг хүсэж байна.
Др.О.Мөнхбат: (МУИС, Сургалт эрхэлсэн дэд захирал) Нийгмийн шинжлэх ухаан нэг хэсэгтээ номлол, сонирхол дээр тулгуурлаж байсан. Иймд мэдлэгийг яаж бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох вэ гэдэг асуудал чухал юм. Бид мэдлэгийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өртөгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох шаардлагатай юм. Судалгааны ажлын үр дүн тодорхой аргачлал бус ерөнхий байдлаар хийгдэж байна энэ нь судлаачдын чанар хангалтгүй байгааг илтгэж байна. Түүнчлэн салбар дундын судалгааг хийх хэрэгтэй, судлаачид судалгааны тайланг захиалагчид хүлээлгэж өгөөд санаа амрах бус түүнийг нэвтрүүлдэг, ажил хэрэг болгох талаар давхар хөөцөлддөг байх хэрэгтэй энэ нь start-up хэлбэрээр ч байж болно. Багш, профессор нарын зөвлөх үйлчилгээг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Lalla Sebeistian: (МУИС, Хүмүүнлэгийн салбарын зочин багш) Их сургууль улс төр, эдийн засгаас хараат бус бие даасан, академик эрх чөлөөг дээдлэсэн байгууллага байх ёстой. Үр дүнтэй, үр ашигтай байгууллагыг хооронд нь ялгах хэрэгтэй юм. Их сургуулийн гадаад харилцаа далайцтай байх нь илүү хүчтэй болгодог.Их сургууль инноваци руу хэт татагдах ёсгүй.
Санал:
Др.Б.Отгонтөгс: (МУИС, Төгсөлтийн дараах сургуулийн захирал) Эдийн засгийн сургуулийн бизнесийн хөтөлбөр олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон байгаа. Хөтөлбөрүүдийн талаар аль шатанд нэгдсэн ойлголттой болоогүй байгаа иймээс манайхан туршлагатай хамт олон учир хамтран ажиллах боломжтой. Монгол хүүхдийн хөгжлийн асуудал дээр социологийн болон антропологийн тэнхим хамтран ажиллах боломжтой юм. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал гэдгийг боловсролын эдийн засгийн аргачлалаар тооцох боломжтой. Их сургуульд бүх салбарын судлаачдын нөөц боломж байгаа үүнийг хамгийн гол нь санхүүжилт болон зохион байгуулалтын асуудал хамгийн чухал байна. БШУ-ны яамнаас санал болгож буй ажлууд дээр хамтран ажиллах боломжтой юм.
Др.Н.Батнасан: (Бизнесийн сургуулийн захирал) Бизнесийн салбар янз бүрийн судалгаа хийх боломж их байдаг. Манай төсөв хөрөнгө хязгаарлагдмал байдаг тул судалгааг яамнууд хамтарч хийх боломжтой юм. Энэ нь цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэхийн зэрэгцээ судалгааны чанар дээшлэнэ. Түүнчлэн яамны тендер баталгаа шаарддаг нь судлаачдад хүндрэлтэй байдаг цаашид тухайн байгууллагын нийгэм дэхь байр суурь, итгэлтэй байдал зэргийг харгалзан үзэх асуудлыг анхаарвал сайн байна. Энд оролцсон яамдын хамтран ажиллах санал нэлээд тодорхой байсан тул бид хамтрах боломжтой.
Др.Д.Сайнбилэгт (ШУС-ийн Хүмүүнлэгийн cалбар хариуцсан захирал): Хүмүүнлэгийн сургууль багш нараасаа авсан саналаа нэгтгэн хүргэж байна.
МУИС-ийн профессор Ж. Баянсан доктороор ахлуулсан төслийн баг “Монгол хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ыг боловсруулж байгаа тул цаашид холбогдох яам, их дээд сургуультай хамтран эл шалгалтыг албан ёсны болгон заавал өгдөг шалгалт болгох шаардлагатай байна. Монгол хүнийг шинжлэх ухааны үүднээс таньж мэдэх үүднээс монгол хүний оюуны хөгжлийн үе шатыг хэл яриатай хослуулж судлах, МУИС дээр танихуйн хэл шинжлэлийн тусгай компьютертэй лабораторийг байгуулах, биологи, сэтгэл судлал, хэл шинжлэл зэрэг салбарын эрдэмтэдтэй хамтран суурь судалгааны төслүүд хэрэгжүүлэх боломжтой.Мэдээлэл технологийн хөгжилтэй уялдуулан хэлний сургалт судалгаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Яамдуудын нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг мэргэжлийн түвшинд орчуулж, аман бичгийн орчуулга хийхэд хамтран ажиллах.ЮНЕСКО-ийн шугамаар соёлын биет бус өвийн талаарх судалгаа, сурталчилгаа, сургалтын тал дээр хамтран ажиллаж болно. Холбогдох яамтай хамтран мэргэжлийн ёс зүйн асуудлаар мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах зэрэг ажлуудад хамтран ажиллах боломжтой гэсэн саналуудыг уулзалтанд оролцогчдын төлөөлөлүүд дэвшүүллээ.
Энэхүү уулзалт-семинарт оролцогчид нь их сургуулийн шинжлэх ухааны чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, дээд боловсролын удирдлагын чадавхи, сургалтын агуулга, арга хэлбэр, технологи, зохион байгуулалтыг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэ шатанд гаргах гол арга зам, хөгжлийн цоо шинэ хандлага нь инноваци бөгөөд оюунлаг нийгэм, мэдлэг шингээсэн эдийн засгийн өсөлтийг хангахад тухайн салбарын яамд болон шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
ЭШИХ