МУИС нь долоо хоног бүрийн лхагва гарагт нээлттэй хэлэлцүүлгийг багш ажилтан, албан хаагчдын дунд өрнүүлж байгаа билээ. Улмаар өнөөдөр “МУИС-ийн е- номын сангийн барилга ба хичээлийн 4 дүгээр байрны өргөтгөлийн барилга” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Уулзалтын үеэр багш ажилтан албан хаагчид номын сангийн талаар санал бодлоо солилцож нээлттэй ярилцлаа.
МУИС 70 гаруй жилийн түүхэндээ стандартын номын сантай байгаагүй билээ. Өөрөөр хэлбэл зориулалтын номын сангийн байранд биш их сургуулийн анги танхим өрөө тасалгааг томсгож багасгаж, өөрчилж зассаар 70 гаруй жил болж билээ. Өнөөдрийн их сургуулийн номын сан одоо 400 шахам мянган боть ном хэвлэлтэй, 700 гаруй уншигчийн суудалтай, 1660 м2 талбайтай, 30 орчим ажилтантай, жилд дунджаар 200 мянга орчим уншигчид үйлчилж, жил бүр 200 шахам сая төгрөгийн номыг голдуу дотоод зах зээлээс худалдан авч номын сангаа баяжуулан ажиллаж байна. Мөн олон улсын номын сангийн автоматжуулсан КОНА цогц програм хангамж өгөгдлийн бааз ашиглаж байгаа, дэлхий нэр хүндтэй их сургуулиудын он-лайн сэтгүүл, е-номын сан ашиглах боломж бүрдүүлсэн зэрэг дэвшилтэт технологууд эхнээсээ нэвтэрч буй сайн талууд байна. Номын сангийн шинэ барилга ашиглалтад орсноор профессор багш, оюутан залуус номын сангийн цогц үйлчилгээ хүлээн авах боломжтой болж, оюутны бие даан өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломж нэмэгдэж, гагц оюутан төдийгүй нийслэлийн иргэд ном соёлоор үйлчлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний уялдаа холбоо нэгдмэл байдал сайжрах, бүхэлдээ монгол хүний оюун ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм.
МУИС-ийн шинэ номын сан баригдсанаар номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж байгаа юм.
Эрхэм хүндэт профессор, багш, ажилтан, доктор, магистр, баклаврын оюутан та бүхнийг шинэ номын сангийн талаар өөрсдийн мэргэн саналаа numpresspublishing@gmail.com хаягаар ирүүлэхийг хүсье.