Ч.Ундрам: Сургалтын нэгдсэн албаны нэг цэгийн үйлчилгээтэй болно

Share Button

МУИС-д шинээр байгуулагдсан Сургалтын нэгдсэн алба, 2014 оны элсэлтийн талаар МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны эрхлэгч Д-р Ч.Ундрамтай  уулзаж тодрууллаа. UndramМУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажил идэвхитэй явагдаж байна. Өөрчлөлт дундаа Бакалаврын сургалтын албаны өөрчлөлт хэр явагдаж байна вэ?

МУИС-ийн Захирлын 2014 оны 04 сарын 29-ний өдрийн А/109 дүгээр тушаалаар Бакалаврын сургалтын алба, Төгсөлтийн дараах сургуулийн сургалтын албаны бүтэц, чиг үүргийг шинэчилж, нэгтгэн бакалавр, магистр докторын Сургалтын нэгдсэн албыг байгуулсан. Энэ албанд Оюутанд үйлчлэх төв, Цахим сургалтын төвүүд мөн харьяалагдаж байна. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд МУИС-ийн сургалын алба, сургалттай холбоотой бусад асуудалд дүн шинжилгээ хийсэн.

– МУИС нь Сургалтын нэгдсэн шинэ албыг бий болгох ажлынхаа хүрээнд хэдэн сургалтын албыг бий болгох вэ? Шинэ сургалтын албаны давуу болон онцлог талуудыг дурьдвал?

Төв Сургалтын нэгдсэн албанаас гадна Бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр Сургалтын алба байгуулагдсан. Шинжлэх ухааны сургууль дээр үлгэр жишээ Сургалтын нэгдсэн албаны нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж нээлтээ хийгээд байгаа. Цаашид бүх бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба энэ жишгээр зохион байгуулагдана. Шинэ сургалтын алба нь Оюутанд үйлчилэх чиг үүрэг дээрээ илүү анхаарч ажиллах зорилгоор энэ чиглэлийн ажилтаны орон тоо ихтэйгээр зохион байгуулагдсан. Эдгээр хүмүүс оюутанд хичээл сонголт, баталгаажуулалт, мэргэжлийн чиглэлээ сонгохоос авхуулад санал гомдлыг нь авч хурдан шуурхай үйлчилнэ гэсэн үг. Сургалтын алба бол хүнд сурталтай бус найрсан үйлчилгээний байгууллага байх ёстой. Энэ философи бол шинэ сургалтын албаны хамгийн том давуу тал юм. Түүнчлэн бакалавр, магистр, докторын сургалтын алба нэгдсэнээрээ эдгээр түвшний сургалт хоорондын уялдаа холбоо сайжирна, эдийн засгийн хувьд ч илүү ач холбогдолтой.

– Хөтөлбөрийн Ерөнхий хорооны ажил ямар шатандаа яваж байна вэ?

2014 оны 04-р сарын 30-ны өдөр Хөтөлбөрийн Ерөнхий хорооны анхны хурал амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Миний бие албан тушаалаараа тус хорооны гишүүн, нарийн бичгээр ажиллаж байгаа. Анхны хурлаараа бид МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны түр журмыг мөрдөх товч зааврын төслийг хэлэлцсэн. БШУЯ-аас хөтөлбөрт тавигдах шаардлага ирмэгц  энэ зааврыг тодотгон батлаад Хөтөлбөрийн дэд хороод руу явуулах төлөвлөгөөтэй байна. Хуваарийн дагуу бид ирэх долоо хоног Хөтөлбөрийн Ерөнхий суурийн дэд хорооноос Ерөнхий суурь хичээлд тавих шаардлагыг хэлэлцэх ёстой.

– 2014 онд элсэх элсэгчдийн журамд ямар өөрчлөлтүүд орсон, МУИС-д элсэхэд элсэгчид ямар шалгуурыг давах ёстой вэ?

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2014 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх журам батлагдсан байгаа. Өмнөх жилүүдийн журмаас бодлогын хувьд хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Нэгдүгээрт элсэгчид ЭЕШ өгсөн хичээлүүдээсээ хамгийн өндөр оноотой 1-2 хичээлийг сонгон тооцуулж бүртгүүлэх боломжтой болсон. Хоёрдугаарт элсэгч хөтөлбөрт бус Сургуульд элсэн орно. Тодруулбал: Оюутан тодорхой нэг сургуульд ороод Ерөнхий эрдмийн хичээлээ судалсны дараа мэргэжлийн чиглэлээ сонгох юм. Эдгээр нь элсэгчдэд олгох боломжийг нэмэгдүүлж байгаа. Магистр, докторын элсэлтийн журмын төсөл боловсруулах шатандаа явж байгаа. Удахгүй захирлуудын түвшинд хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

МУИС-аас баримталж байгаа сургалтын бодлогын талаар товч ярьж өгөөч?

Бакалаврын түвшний сургалтын хувьд оюутанг “Мэргэжилтэн” болгож бэлдэхийн зэрэгцээ “Дээд боловсролтой иргэн” болгох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Дээд боловсролтой иргэн” нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны тодорхой мэдлэгтэй, Монгол улсын иргэний хувьд түүх, соёлоо мэддэг, Монгол хэлээр бичих, тооцоолон бодох, Англи хэлний өндөр чадвартай, биеийн тамир, Эрүүл ахуйн ойлголттой байх ёстой гэж үзээд энэ шаардлагын хүрээнд оюутанд сонгох хичээл санал болгоно. Эдгээр хичээлүүдийг амжилттай судалсны дараа мэргэжлийн чиглэлээ сонгоход оюутан тодорхой мэдлэгтэй болчихсон байх тул илүү оновчтой, эсвэл өөртөө илүү итгэлтэйгээр сонголтоо хийнэ гэсэн үг. Түүнчлэн оюутанд чөлөөт сонголтыг хийх боломж өгч байгаа. Тиймээс хэрвээ оюутан хүсвэл мэргэжлийн чиглэлээсээ өөр, өөрийн сурч мэдэхийг хүссэн зарим хичээлүүдийг үзэх боломжтой болж байна. Эсвэл энэ чөлөөт сонголтоороо мэргэжлийн чиглэлээрээ илүү нарийсах, хавсрага чиглэлийн хичээлүүд сонгож тооцуулах зэрэг боломжууд бүрдэж байна. Энэ бол МУИС-д урьд өмнө оюутанд өгч байгаагүй их боломж бөгөөд МУИС-ийн шинэчлэлийн гол цөм нь юм.Магистр, Докторын хувьд дээд боловсролтой иргэн нь нарийсан мэргэших гэж байгаа учраас хөтөлбөрт элсдэг хэвээрээ байна. Харин эдгээр ахисан түвшний сургалтад судалгаа шинжилгээ хийх боломжийг түлхүү оруулах тал дээр МУИС-ийн удирдлагууд анхаарч ажиллаж байна.

– Орой, эчнээ ангиудад элсэж орох журам өөрчлөгдсөн уу?

Бакалаврын түвшний орой, эчнээ хөтөлбөрт 2014 онд оюутан элсүүлэх журмыг боловсруулаад Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн батласан байгаа. Журмыг удахгүй МУИС-ийн цахим хуудаснаа байрлуулнаа.

Цаашид ямар ажил хийхээр  төлөвлөж байна вэ?

Сургалтын нэгдсэн албаны өдөр тутмын ажлаас гадна хийхээр төлөвлөж байгаа хамгийн хариуцлагатай бөгөөд хүнд ажлууд бол нэгдүгээрт бүх түвшний сургалтын журмыг шинэчлэн боловсруулах, хоёрдугаарт МУИС-ийн оюутны гарын авлагыг боловсруулах, гуравдугаарт, шинэ хөтөлбөр, бүтцийн хүрээнд анги танхимыг хамгийн оновчтой, зөв зохион байгуулах асуудлууд юм.

Ярилцлага өгсөнд танд их баярлалаа.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар