МУИС 2014-2015 оны хичээлийн жилийг Судалгааг дэмжих жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг бол МУИС нь олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлтэй, ШУ-ны салбарт хувь нэмрээ хичээнгүйлэн оруулаад явж буй судлаачдынхаа үйл хэргийг дэмжиж, БШУЯ, МУИС-ийн өөрийн болоод бусад санхүүжилт бүхий 1,3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг судалгаа, шинжилгээний 13 лабораторийг засварлах, шинээр бий болгох, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулахад зориулсан явдал байв. Ийнхүү сургалт, судалгааны орчин бүрдсэнээр өнөөдөр судлаач багш, оюутнуудад хэрхэн өгөөжөө өгч буйтай танилцах ажлын эхлэл болгон Ургамлын физиологийн шинэчилэн тохижуулсан лабораторид зочлон ШУС, БУС-ын Биологийн тэнхмийн багш, доктор Ш.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Танай лабораторид ямар шинэчилэл хийгдэв?
-Ургамлын физиологийн лаборатори нь МУИС анх байгуулагдах үеийн сандал, ширээгээ саяхныг хүртэл ашиглаж ирсэн. Тиймээс лабораторийн эд хогшлыг шинэчлэх, орчин үеийн шаардлага хэрэгцээг хангасан сургалт, судалгааны ажлыг явуулахад зайлшгүй шаардлагатай багаж төхөөрөмж хэрэгтэй болсон. 2014 оны 4 дүгээр сард Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр манай лабораторийн ширээ, сандал болон бусад тавилгууд шинэчлэгдсэний зэрэгцээ магистр, докторын түвшний оюутнуудын судалгааны ажил хийх боломжтой ургамлын усны потенциал хэмжигч даралтат тасалгаат багаж, ургуулангийн камер, ламинар бокс, агаарын чийг температур хэмжигч, рН метр, усан банн зэрэг багажуудыг авсан. Ийм учраас сургалт, судалгааны ажил явуулах тохилог орчин бүрдсэнээс гадна орчин үеийн багаж төхөөрөмжийг ашиглах боломжтой болсон.
-Та бүхний судалгааны ажилд ээлээ хэр өгч байна вэ?
Ургамлын физиологийн судалгааны ажил нь зайлшгүй ямар нэгэн туршилтын ажлыг хийснээр үр дүн гардаг бөгөөд үүнд зайлшгүй ямар нэгэн багаж төхөөрөмжийг ашиглах шаардлагатай болдог. Багаж төхөөрөмжтэй болсноор шинээр элсэн орж буй магистр, докторын оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, урам зоригийг төрүүлэхэд нэлээд түлхэц болж, удирдан ажиллуулж байгаа багшийн хувьд ч учрах саад бэрхшээл багасаж байна.
-Багаж төхөөрөмж оюутнуудад хүрэлцэж байна уу?
Манай лаборатори шинэчлэгдэхээс өмнө 12 оюутан нэлээд хуучирч муудсан ширээ, сандал дээр сууж хичээллэдэг байсан бол одоо 16 оюутан суух боломжтой болж шинэчлэгдсэн. Бакалаврын түвшний оюутнуудын лабораторийн ажилд бид микроскопыг нэлээд ашигладаг боловч манай хүрэлцээ муутайгаас болоод 3-4 оюутан дундаа 1 микроскоп ашиглаж байна. Иймээс дараагийн санхүүжилт боломж гарвал бид микроскопынхоо тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Таны болоод лабораторийн цаашдын судалгааны үйл хэрэгт амжилт хүсье.
-Баярлалаа. Манай лабораторийг шинэчилэн тохижуулсан нь МУИС-ийн судалгааг дэмжих зорилгын хүрээнд 100 хувь нийцсэн ажил болсон гэж үзэж байна. Учир нь багш, оюутны сургалт, судалгааны ажил хийх тохилог орчин бүрдсэнээс гадна цөөнгүй тооны судалгааны багаж хэрэгслүүдтэй болсон. Одоо эдгээрийг ашиглан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь бидний үүрэг болж байна.