Профессор, эрдэмтэн судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх зорилгоор ШУА их дээд сургуулиудтай хамтран ажиллах хөтөлбөрийн эхлэл болгон МУИС-тай гэрээ байгууллаа.
Захирал Р.Бат-Эрдэнэ “МУИС нь ШУА-тай олон жилийн хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Бид энэ гэрээгээгээр өмнөх үйл ажиллагааг баяжуулах, албан ёсоор институтчилах зорилгоор хийж байна. Манай эрдэмтэд хилийн чанадад магистр, докторуудтай хамтарч ажилладаг. Дотооддоо ийнхүү албан ёсоор бие биенийхээ өмнө үүрэг хүлээн хамтран ажиллах эхлэл тавигдлаа.”
МУИС-ийн Судалгааны их сургууль болох стратеги зорилтод хүч нэмж буй уг гэрээ нь хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ШУА-ын сайтар тоноглогдсон 30 гаруй лабораторит МУИС-ийн докторуудын сургалтыг явуулах, Их сургуулийн бааз дээр ШУА-ын докторуудын сургалтыг зохион байгуулах зэрэг хамтарсан сургалтаар биеллээ олж эхлэх ажээ.
Цаашид,
-Түшиц нэгжүүдийг түшиглэн гүйцэтгэх боломжтой ажлаас сонгож жилийн төлөвлөгөөндөө тусгах замаар хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоох, тодорхой төсөл, сэдэв хэрэгжүүлэх, захиалах ажлыг зохион байгуулах, Салбар дундын том хэмжээний төсөлд аль болох хамтран оролцох.
-Эрдэм шинжилгээний мэдээллийн хамтарсан санг бүрдүүлэх.
-Олон улсын хэмжээнд хянан магадлагаа хийгддэг, англи хэл дээр хэвлэгддэг мэргэжлийн холбоодын сэтгүүлийг гаргах тал дээр хамтран ажиллах
-Судалгааны ажлын гүйцэтгэлд цогц үнэлгээ өгөх нэгдсэн системтэй болгох
-Хоёр тал хамтран эрдэмтдийг бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллах
-Өндөр технологийн судалгааг төрөлжүүлэн гүйцэтгэх, батлах чиглэлээр хамтран ажиллах
-Хүрээлэн, сургуулиудын хоёр талын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх
-Сэдэв, төсөл шалгаруулах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Шинжлэх Ухаан Технологийн Сантай хамтран ажиллах зэргээр хамтын ажиллагаа өргөжин тэлэх юм.