МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын нэгдүгээр ангид суралцаж буй оюутнуудад тус салбарын Их Британи, Америк судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, Европ судлалын тэнхим, Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхимүүд мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулгыг тавдугаар сарын 8-ны өдрийн 14-17 цагийн хооронд Монгол-Япон төвийн хурлын танхимд амжилттай зохион явууллаа.
Өдөрлөгөөр өртөөчилсөн аян зохион байгуулснаар оюутан тэнхим бүрийн өртөөн дээр очиж тухайн мэргэжлийн профессор багш нартай уулзаж тэнхимийн бүрэлдэхүүн, хөтөлбөрийн мэдээлэл, тухайн салбарын шилдэг төгсөгчид, оюутны дунд зохион байгуулдаг олимпиад, уралдаан тэмцээн, тэнхимийн нэрэмжит тэтгэлэг, гадаад харилцаа буюу оюутан солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, тухайн салбарын багш нарын сүүлийн 5 жилд хийсэн судалгааны ажил, бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа.
Хүмүүнлэгийн салбар мэргэжлээ сонгох гэж буй оюутнууддаа тэнхимийн танилцуулга болон хөтөлбөрийн танилцуулгыг гарын авлага болгон тараасан нь оюутан болон тэдний эцэг эхэд мэргэжил сонгоход чиг баримжаа олгож, тэдэнд тухайн хөтөлбөрөөр олж авах мэдлэг, ур чадвар, мэргэжилтний ажлын байрны эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгсөн нь оролцогчдын талархлыг хүлээлээ.