МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимээс “Испани хэл, соёл судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2015 оны 12-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив хурлыг нээж хэлсэн үгэндээ дэлхий нийтийн испани хэлний хэрэглээ өсч буй өнөө үед МУИС-д испани хэл, орон судлалын бакалаврын түвшний сургалтыг үндсэн болоод хавсарга хөтөлбөрөөр өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
Энэ оны 12-р сарын 7-нд Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд тус хуралд Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Л.Марреро оролцож үг хэлэв. Тэрээр хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт улам бүр өргөжиж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Хуралд Монгол улс болон испани хэлт орнуудын харилцаа хамтын ажиллагааны талаар:
- Доктор, профессор Г.Төмөрчулуун (ГХЯ) Монгол улс болон Бүгд Найрамдах Куба улсын дипломат харилцаа, ард түмний нөхөрлөл;
- Доктор (Sc.D), профессор Л.Хайсандай (ОСХ) Манай улсад испани хэлт орнуудыг судлах хэрэгцээ, боломж, төлөв;
- Доктор Ж.Баттөр (МУИС) Өнөөгийн бүс нутгийн үзэл баримтлал ба Латин Америкийн орнууд
- Магистр Б.Баттогтох (МУИС) Чили улсын төрийн удирдлагын тогтолцоо;
- Доктор, профессор Б.Батболд Испани хэлт орнуудаас ирж байгаа жуулчдын тухайд
илтгэлүүд, мөн антропологи, испани хэлт орнуудын уран зохиол, хэл, соёл судлал, орчуулгын чиглэлээр:
- Доктор (Sc.D), зөвлөх профессор Д.Түмэн (МУИС) Америк тивийн уугуул хүн амын антропологи;
- Доктор, профессор Г.Мэнд-Ооёо Өнөө цагийн испанийн суут яруу найрагч Хусто Хорхе Падроны ертөнц;
- Доктор (Sc.D), профессор, Доктор, профессор, СГЗ Го.Аким Маркесийн шидэт реализм;
- Доктор, профессор Б.Магсаржав Лоркаг нээвээс Испанийг нээмүй
- Доктор, дэд профессор Г.Галбаяр (МУИС), МУ-ын Гавьяат багш Д.Галбаатар (МУИС) Сервантес ба Монгол уншигч;
- Ахмад дипломатч, орчуулагч Б.Пүрэвсүрэн Уран зохиолын орчуулга хийнэ гэдэг бэрх ажил;
- Г.Сарнай (МУИС, ШУС) Дэлхийн уран зохиол дахь латин америкийн зохиолчдын түрлэг;
- Б.Энх-Амар (МУИС), Ж.Ариунтуяа (СУИС) Испани зураачдын бүтээл дэх нэгэн онцлог; дүрслэл;
- Магистр Б.Эрдэнэчимэг (БНКУ-ын ЭСЯ) Монгол, испани хэлний орчуулгын туха;
- Магистр Ч.Сэлэнгэмөрөн, Магистр М.Одонтуяа (МУИС) Испани хэлнээс герман хэлэнд орсон зээлмдэл буюу ормол үгс;
- Магистр Б.Пүрэвсүрэн (МУИС) Испани хэл заах арга зүй хэл шинжлэлийн зарим асуудал
илтгэлүүд тус тус хэлэлцүүллээ.