Хайж байна...

Монгол Улсын Их Сургууль болон Юнус Эмре Хүрээлэн хоорондын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

Share Button

МУИС болон БНТУ-ын Юнус Эмре Хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Үйл ажиллагаанд МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Г.Наргил нар оролцсон бол Юнус Эмре Хүрээлэнг Ерөнхийлөгч Абдуррахман Алий тэргүүлэн оролцов. Мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл, Гуравдугаар нарийн бичгийн дарга Фуркан Фидан, орчуулагч Э.Номин-Эрдэнэ нар уулзалтад байлцав.

Уулзалтын эхэнд Юнус Эмре Хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Абдуррахман Алий МУИС-ийн удирдлагуудын зүгээс үзүүлж буй хүндэтгэл, дэмжлэгт талархал илэрхийлж, хүрээлэнгийн үйл ажиллагаа, олон улсын сүлжээ, соёл, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар товч танилцууллаа. Тэрбээр энэхүү Санамж бичгийн хүрээнд олон талт, бодит хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг онцлов.

Ректор Б.Очирхуяг Монгол, Турк хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин тэлж, ялангуяа соёл, түүх, хэлний салбарт идэвхжиж буйг тэмдэглэлээ. Тэрбээр Санамж бичгийн хүрээнд “Туркийн соёлын өдрүүд” зэрэг олон нийтэд чиглэсэн соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах, Туркийн их, дээд сургуулиудтай байгуулсан гэрээний хүрээг тэлэх, энэ чиглэлд БНТУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллах боломж байгааг дурдав. Мөн БНТУ-д Монгол судлаачид олноор ажиллаж, судалгаа хийж байгааг онцлон тэмдэглэж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц бололцоо байгааг илэрхийллээ.

Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар Санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд профессор, судлаач хоорондын шууд хамтын ажиллагааг түшиц болгох нь чухал гэдгийг онцолж, нарийвчилсан ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллах санал дэвшүүлэв. Юнус Эмре Хүрээлэнгийн Ерөнхийлөгч уг саналыг дэмжсэнээр талууд Санамж бичгийн хэрэгжилтийг үе шаттай, төлөвлөгөөт байдлаар ханган ажиллахаар тохиролцлоо.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэл Юнус Эмре Хүрээлэн нь Турк Улсад соёл, хэлний чиглэлээр тэргүүлэх байгууллага болохыг онцлон тэмдэглэж, Монголын ууган их сургууль МУИС-тай хамтын ажиллагаа эхлүүлж буй үйл явдлын гэрч болж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Санамж бичгийн хүрээнд МУИС-ийн дэргэд Юнус Эмре Туркийн Соёлын Төвийг байгуулахаар тохиролцсон бөгөөд тус төв нь МУИС-ийн байранд үйл ажиллагаа явуулж, Турк хэлний сургалт болон соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулаж, цаашид бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь орчин бүрдүүлэх юм.

Энэхүү Санамж бичиг нь Монгол, Турк хоёр улсын боловсрол, соёл, судалгааны хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлэх, харилцан ойлголцол, эрдэм шинжилгээний солилцоог өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

 

Юнус Эмре Хүрээлэнгийн талаар товч танилцуулга

Юнус Эмре Хүрээлэн нь олон улсад байгуулсан соёлын төвүүдээрээ дамжуулан турк хэлний боловсрол олгох, Туркийн соёл, урлагийг сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулах, түүнчлэн тухайн улсын боловсрол, судалгааны байгууллагуудтай хамтран шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм. Юнус Эмре Хүрээлэн нь нэрт суфи сэтгэгч Юнус Эмрэ-гийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд түүний сургаал өнөө цагт хүн төрөлхтөний үнэт зүйл, хайр энэрэл, нийгмийн энх тайвны бэлгэдэл хэмээн үнэлэгддэг.

2009 оноос олон улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хүрээлэн 2025 оны байдлаар дэлхийн 68 оронд 92 Соёлын төвийг ажиллуулж, дэлхийн олон их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэл, соёл, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас үзэх боломжтой: https://www.yee.org.tr/en

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар