2016 оны 04 сарын 28-ны өдөр ахмад орчуулагч, дипломатч Ж.Гэндэндарам гуайтай МУИС, ШУС, ФШСТ-ийн багш, оюутнууд “Энэтхэгийн ард түмний соёл, гүн ухаан, шашин” сэдвээр уулзалт ярилцлага хийлээ.
Ж.Гэндэндарам нь Энэтхэгийн ард түмний утга зохиолын дээж болсон “Махабхарата”, “Рамаяна”, “Панчaтантра (Таван сургамж)”, “Хитоупдеш”, “Шанкундала” зэрэг 20 гаруй сонгодог зохиолыг Хиндү хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлжээ. Ж.Гэндэндарам нь Энэтхэгийн Шинэ Дели хотод Монголын элчин сайдын яаманд 15 жил ажилласан манай ахмад дипломатчдын нэг юм.
Уулзалтын үеэр өдгөө нас сүүдэр 87 хүрч яваа Ж.Гэндэндарам гуай өөрийн зохиол, орчуулгын бүтээлийг 20 гаруй боть болгон дахин хэвлүүлж буйгаа дуулгаад, гадаад хэл сурах арга барил, дэлхийн сонгодог утга зохиолыг орчуулахад юуг анхаарах талаар өөрийн туршлагаа оюутнуудтай хуваалцаж, тэдэнд эрдэмд шамдан, ихийг бүтээх урам зориг хайрлан, бүтээлийнхээ дээжээс багш нарт бэлэглэв.