“Байгаль-эх лицей” сургуулийн өргөтгөлийг Японы ЗГ санхүүжүүлнэ

Share Button

Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн 401 дэх төслөөрөө Японы засгийн газар  МУИС-тай хамтран ажиллахаар боллоо.

Өчигдөр Японы элчин сайдын өргөөнд болсон энэхүү ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такенори Шимизү, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Тэнгэр, БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаа, МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, дэд захирал Б.Даваасүрэн, ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж, “Байгаль-эх лицей” ахлах сургуулийн захирал Ц.Батчулуун болон “Өвсний үндэс“ хөтөлбөр хэрэгжсэн орон нутгийн засаг захиргаа,  сургууль,  эмнэлэг, ТББ-ын удирдлагууд  оролцсон юм.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн 401 дэх төсөл нь МУИС-ийн “ Байгаль-эх лицей” ахлах сургуулийн 2 давхар өргөтгөлийн барилгыг санхүүжүүлэх юм. МУИС-ийн удирдлагын бүрэлдэхүүн  2011 оноос Японы засгийн газарт санал тавьсны дүнд ийнхүү нийт 100,000 ам долларын санхүүжилтийг авах гэрээнд гарын үсэг зурлаа. “Байгаль-эх лицей” ахлах сургуулийн өргөтгөлийг барих энэхүү төслийг хэрэгжүүлснээр сурагчдынхаа тоог нэмэгдүүлж, сурах орчныг нь сайжруулж, МУИС-ийн бусад бүрэлдэхүүн их сургуулиудад  элсэн орох чадварлаг суралцагчдыг чанартай сургалтаар бэлтгэн гаргах бааз сууриа улам бэхжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Төсөл энэ гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх  бөгөөд  МУИС-ийн 70 жилийн ойн өмнө ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна.