ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Share Button

 Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутан залуучууд аа!

Та бүхэнд 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан  чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол улсад дээд боловсролын тогтолцоо, МУИС үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож бид 75 дахь шинэ хичээлийн жилийн хонхоо цохиж байна. Өнгөрсөн хичээлийн жилд манай эрдмийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаандаа олон сайхан амжилтуудыг гаргаж ололт амжилтын түүхээ зузаатгаж чадлаа.

Өнөөдөр дэлхий нийтээрээ боловсролын талаарх ойлголт, боловсролын байгууллагад тавигдах шаардлагаа өөрчилж, хөгжлийн эрэлтэд нийцсэн шинэ стандарт, арга барил, олон талт үйл ажиллагааг явуулахыг эрхэмлэдэг болсон байна. Нэн ялангуяа мэдлэг, инновацид суурилсан хөгжлийг бий болгоход их, дээд сургуулиудын үүрэг оролцоо улам нэмэгдэж байна. Их сургуулиуд сургалт-эрдэм шинжилгээнээс, сургалт-эрдэм шинжилгээ-технологид чиглэсэн үйл ажиллагааны хэв маяг руу шилжиж инноваци бүтээдэг, дамжуулдаг мэдлэгийн төв болон хувирч байна. Энэ бүгдийг бүтээгч нь сайн эрдэмтэн, сайн багш, сайн суралцагч билээ.

ЮНЕСКО-оос мэдлэгт суурилсан нийгэмд мэргэжлийн үйл ажиллагааны гол асуудлууд нь багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах явдал гэдгийг онцлон тэмдэглээд шаардлага хангасан багш нарыг бэлтгэх,  тоог нэмэгдүүлэхийг дэлхийн хөгжиж буй орнуудад уриалсаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2017-2018 оны хичээлийн жилийг бүх шатны боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих жил болгон зарлалаа. Бид ч энэ бодлогын хүрээнд энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, багшаа дэмжсэн олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх болно.

Түүнчлэн төрөөс баримтлах бодлого (2014-2024)-ын  бичиг баримтад “Монгол улсын төрөөс боловсролыг  нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100  сургуулийн эгнээнд хүргэнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд МУИС манлайлах үүрэгтэй бөгөөд манай эрдмийн хамт олон энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулан амжилттай хэрэгжүүлэхийн төлөө шамдан ажиллаж байна.

            Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, багш нар оюутан залуус аа,

 “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэсэн уриан дор эх орны маань хөгжлийн шавхагдашгүй эх ундарга болсон оюутан залуусыг эрдэм номд сургах их үйлсдээ амжилт гаргахыг сургуулийнхаа нийт эрдэмтэн багш нар, ажилтан, ажилчид Та бүхэндээ хүсэн ерөөе. “Ухаан далай номоос эхтэй” гэсэн эцэг өвгөдийн сургаалыг байнга санаж, хичээл номдоо шамдан суралцаж, эрдэм мэдлэгийн шавхагдашгүй их далайгаас суралцаж амжилт гаргахыг нийт оюутнууддаа хүсч байна.

МУИС-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                     ДОКТОР Я.ТӨМӨРБААТАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар