МУИС-ИЙН 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ
Монгол улсын их сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар тодорхойлохын тулд МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох МКС, МТС, ФЭС, ХХИС, ГГС, НШУС, МХСС, ГХСС, ОУХС, ХЗС, ЭЗС, ББТС гэсэн 12 сургуулийн бакалаврын өдрийн ангийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн бүртгэл судалгааг ашигласан.
Мэдээллийн санд боловсруулалт хийхдээ судалгааны анкет боловсруулалтын аргыг ашигласан болно. Судалгаанд төгсөгчдийн талаарх ерөнхий мэдээлэл, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнд шаардлагатай ур чадварын талаар тандалт асуулт болон МУИС-ийн бакалаврын өдрийн сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай шинжлэх ухааны агуулгын талаар асуулгыг оруулсан. Судалгааны түүвэр нь МУИС-ийн 12 бүрэлдэхүүн сургууль бүрийн төгсөгчдийн талаас илүү хувийг (59,1%) хамарсан бөгөөд энэ нь нийт төгсөгчдийн олонлогыг төлөөлөх бүрэн боломжтой юм.
Судалгааг судлаачид өөрийн биеэр хариулагчаас авсан болно. Төгсөгчдийн судалгаанд хамрагдаагүй шалтгаан нь мэдээлэл өгөхөөс татгалзсан, холбоо барих боломжгүй гэсэн үндсэн 2 шалтгаанаас үүдэн нийт төгсөгчдийн 49,1% нь судалгаанд хамрагдаагүй болно.
МУИС-ийн 2010-2011 оны хичээлийн жилд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзэхэд судалгаанд оролцогчдын 62.6% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ба нийт судалгаанд оролцогчдын 49.1% нь мэргэжлээрээ ажиллаж байна. Судалгаанд оролцогчдын 37.3% нь ажил хөдөлмөр эрхлээгүй ба тэдгээрийн 24.3% нь магистрантурт болон өөр чиглэлээр суралцаж байна. Салбар сургууль тус бүрээр нь авч үзвэл:
График 1: 2011 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв /тоо/
Төгсөгчдийн ажлын байр (өмчийн хэлбэрээр). Төгсөгчдийн ажлын байрыг өмчийн хэлбэрээр харвал 6.6 хувь нь төрийн байгууллагад, 32.1 хувь нь хувийн компанид, 9.1 хувь нь суралцаж, 1.8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Мөн 37.3 хувь нь хөдөлмөр эрхлээгүй аж.
График 2: МУИС-ийн 2007-2011 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт (өмчийн хэлбэрээр %)
Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай банк санхүү, уул уурхайн компани, үйлдвэр, мэдээлэл технологи болон бусад хувийн хэвшлийн компаниудад ажиллагсадын дотор хими, геологи, газар зүй, эдийн засаг, мэдээлэл технологи, байгаль хамгаалал, биотехнологи, хэл шинжлэлээр төгссөн мэргэжилтнүүд түлхүү ажиллаж байна. Энэ нь сүүлийн үед хувийн компаниуд өргөжин тэлж, шинэ компани олноор байгуулагдах болсонтой холбоотой. Хөдөлмөр эрхлээгүй төгсөгчдийн хувьд жирэмсэн, хүүхэд төрүүлсэн, мэргэжлийн ажлын байр байхгүй, суралцаж байгаа гэсэн шалтгааны улмаас ажилгүй байна.
Хөдөлмөрийн зах зээл дээр хувийн хэвшлийн томоохон компанид ажиллагсадын эзлэх хувь өндөр байгаа нь харагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх нийт ажлын байрны ихэнх хувийг хувийн хэвшлийн байгууллага эзэлдэгтэй холбоотой юм. Судалгаанд оролцогчдын 32.2 хувь нь хувийн хэвшлийн компанид 6.6 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байна.
Дээрх үзүүлэлтийг сургууль тус бүрээр нь авч үзвэл:
График 3: : МУИС-ийн 2007-2011 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт (өмчийн хэлбэрээр)
График 4: Хөдөлмөр эрхлээгүй төгсөгчдийн шалтгааныг авч үзвэл /тоо/
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлээгүй шалтгааныг авч үзэхэд ажлын байр хомс, жирэмсэн, хүүхэд төрүүлсэн ба суралцаж буй шалтгаан дийлэнх байна. 2010-2011 оны хичээлийн жилд төгсөгчдийн судалгаанд оролцогчдыг мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхийг нь харахад 49.1 хувь нь мэргэжлийн дагуу ажил хийж байхад, 24.2 хувь нь гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байна.
График 5: Мэргэжлээрээ ажиллаж буй төгсөгчдийг салбар сургуулиудаар харьцуулан үзвэл: /%/
Төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй байдлыг сургуулиар харьцуулан гаргахад эдийн засаг, мэдээлэл технологи болон байгаль орчин уул уурхайн чиглэлээр төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь их, харин сэтгүүл зүй болон нийгмийн чиглэлээр төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлээрээ ажиллах нь тун бага үзүүлэлттэй байна.
Сүүлийн үед уул уурхайн салбарын хөгжил эрчимжих болсоноор хөдөлмөрийн зах зээлд геологи, уул уурхай, химич мэргэжилтний эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн энэ чиглэлээр төгсөж буй оюутнуудад мэргэжлээрээ ажиллах боломж олгож байна. Мэдээлэл технологийн сургуулийн төгсөгч хийгээд төгсөх ангийн оюутнууд суралцаж байх хугацаандаа болон, дөнгөж төгсөөд мэргэжлийн дагуу компьютерийн засвар үйлчилгээ, худалдаа, программист, сүлжээний инженерийн чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт ажиллах боломж өндөр байдаг.
ДҮГНЭЛТ
- Хөдөлмөрийн зах зээл дээрх өрсөлдөх чадвар жил ирэх тутам ерөнхий үзүүлэлтээр аажим өсөх хандлагатай байна. Үүнд ажлын байртай болсон төгсөгчдийн тоо өмнөх оныхоос 5.7 хувиар, нийт судалгаанд оролцогсдын мэргэжлээрээ ажиллах хандлага 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ажил эрхлэлтийн байдлаар судалгаанд оролцогсдын зонхилох хэсэг нь эрдмийн зэрэг ахиулан суралцаж байна. Үүнээс үзвэл МУИС–н төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвар аажмаар нэмэгдэж, мөн төгсөгчдийн мэргэжлийн чиглэл дээшлүүлэх эрмэлзлэл өсөн нэмэгдэж байна гэж үзэж болно.
- Хөдөлмөрийн зах зээл дээр Банк санхүү, Уул уурхай, Үйлдвэр, Мэдээлэл технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компанид Хими, Геологи, Газар зүй, Эдийн засаг, Мэдээлэл технологи, Байгаль хамгаалал, Биотехнологи, Хэл шинжлэл салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна. Иймд энэ салбарт суралцагсдын тоог нэмэгдүүлэх төдийгүй суралцагчдын гадаад хэлний мэдлэгт анхаарал хандуулах шаардлагатай байна.
- Судалгааны ерөнхий дүн мэдээнээс үзэхэд судалгаанд оролцогчдын нэлээдгүй хэсэг нь өөр мэргэжлээр ахин суралцаж байгаа нь нэг талаар мэргэжил сонголтын талаар анхаарах шаардлагатайг харуулж байна. Энэ асуудал нь дан ганц МУИС төдийгүй улсын хэмжээнд тулгараад байгаа бэрхшээл билээ.
Оюутанд Үйлчлэх Төв