Жамцын Бадраагийн эрдэм шинжилгээний бүтээлийн цуврал 3 боть номын нээлт боллоо

Share Button

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номын нээлт 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.

Ж.Бадраа нь МУИС-д ардын урлаг судлалын салбарыг үүсгэн байгуулж, сургалт судалгааны нэг төвийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж, дорно дахины утга зохиол, найруулга зүйн хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, 1967-1973 онд тухайн хичээлийг зааж байсан билээ.

Номын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС бол Монгол судлалын төв билээ. Монгол судлалын томоохон нэг салбар бол Монгол ардын урлаг судлал юм. Энэ салбарыг судлан, Монголын ардын урлагийг Монгол Улсад төдийгүй дэлхийд сурталчилсан Ж.Бадраа агсны эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номыг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, “Жамцын Бадраа” сангаас эрхлэн гаргаж байна. МУИС Монгол судлалын салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон бодлогын хэмжээнд дэмжин ажиллана” гэв.

Уг бүтээлийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, “Жамцын Бадраа” сангаас эрхлэн хэвлүүлсэн бөгөөд ардын урлаг судлал, соёл, урлаг судлал, угсаатны хөгжим судлал, монгол хэлний найруулга зүй, утга зохиолын холбогдолтой эрдэм шинжилгээний бүтээлүүдийг 3 боть болгон хэвлэжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар