Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний болон МУИС үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж тус сургууль, түүнээс салбарлан гарсан ШУТИС, ХААИС, ЭМШУИС, ХИС-ийн төгсөгч, ахмад багш, ажилтан, профессор багш, суралцагч, сэтгүүлч, уран бүтээлч, олон нийтийн дунд “МУИС-70 жил” сэдэвт дурсамж, хөрөг нийтлэлийн уралдааныг 2012 оны 3 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд зарлаж байна.
Нэг. Зорилго
Монгол Улсад шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэхэд МУИС-ийн гүйцэтгэсэн түүхэн үүргийг тод томруун харуулах, тус сургуулийн үе үеийн төгсөгч, дотоод, гадаадын эрдэмтэн багш, судлаачид, ажилтнуудаас монголын нийгмийн оюун санааны хөгжил дэвшилд оруулсан бодит хувь нэмэр, амьдрал, үйлс, бүтээл, туурвилыг олон нийтэд сурталчлах, дэлхийн хүн төрөлхтний оюун мэдлэгийн санд монголын шинжлэх ухааны оруулсан хувь нэмрийг алдаршуулахад уралдааны зорилго оршино.
Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
Уралдаанд ирүүлэх бүтээл нь МУИС-ийн түүхэн хөгжил, монголын дээд боловсролын ууган байгууллага болохын хувьд эх орны хөгжил дэвшилд гүйцэтгэсэн үүргийг тодотгон харуулахын зэрэгцээ эрдэм мэдлэг, боловсрол нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгуур, хувь хүний амьдралын зорилго тэмүүлэл болохыг өсвөр үе, залууст тайлбарлан мэдүүлсэн байвал зохино. Түүнчлэн бүтээл нь бичиг хэргийн болон бусад стандартад нийцсэн, бодит тоо баримт, мэдээ мэдээлэлд үндэслэсэн, зохистой хэл найруулгатай, урьд нь аливаа уралдаанд оролцсон буюу нийтлэгдээгүй байвал зохино.
Гурав. Шалгаруулах төрөл, олгох шагнал
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг дурсамж, хөрөг нийтлэл гэсэн хоёр төрлөөр шалгаруулж доорхи шагнал олгоно. Үүнд:
Хөрөг нийтлэл
I байр 1 Өргөмжлөл 600 000 төг II байр 1 Өргөмжлөл 400 000 төг III байр 2 Өргөмжлөл тус бүр 250 000 төг |
Дурсамж
I байр 1 Өргөмжлөл 600 000 төг II байр 1 Өргөмжлөл 400 000 төг III байр 2 Өргөмжлөл тус бүр 250 000 төг |
Дөрөв. Бүтээлийг хүлээн авах, дүгнэх
Бүтээл нь times new roman 12 фонтоор, мөр хоорондын зай 1.5, А-4 хэмжээтэй 8 хуудсанд багтсан байх бөгөөд бусад эх сурвалжийн материалыг ашигласан бол энэ тухай тодорхой дурдсан байна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2012 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрийн 12.00 цаг хүртэл бичмэл эхээр МУИС-ийн хичээлийн II байрын 362 тоот өрөөнд, файл хэлбэрээр muis70@num.edu.mn хаягаар хүлээн авна. Бичмэл эхийг буцааж өгөхгүй. Уралдаанд оролцогчид нь өөрийн нэр, хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Бүтээлийг комисс шалгаруулан дүнг 2012 оны 5 дугаар сарын 10-ны дотор гаргаж, мэдээлнэ.
Уралдаанд шалгарсан болон зохих шаардлага хангасан бүтээлийг МУИС-ийн 70 жилийн ойд зориулан гаргах номонд оруулна.
Харилцах утас: 88693545, 99105206
МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх комисс