МУИС-ийн дэргэдэх гарааны компанийн анхны бүтээгдэхүүн “Phyto-acne” зах зээлд гарахад бэлэн боллоо

Share Button

МУИС-ийн эрдэмтэн судлаачдын судалгаа, хөгжлийн ажлын үр дүнд бий болсон “Залесовын зэдгэлж (Comarum salesovianum (Stehp.) Aschers) ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй шинэ бүтээлд Монгол улсын Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн 4182 тоот патентийг 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр МУИС-ийн нэр дээр олгосон юм. Тус патентийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Ж.Батхүү, Докторант Н.Оюунбилэг, магистр М.Энхцацрал, лабораторийн судлаачид болон Японы эрдэмтдийн 10 гаруй жилийн судалгаа-боловсруулалтын ажил хийсний үр дүнд “Phyto-acne” зах зээлд гарахад бэлэн боллоо. “Phyto-acne” бүтээгдэхүүн нь Монгол хүний арьсны онцлогт тохирсон, импортын ижил төрлийн бүтээгдхүүнээс үйлчлэл сайтай, үнийн хувьд ч өрсөлдөхүйц юм.

ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор Ж.Батхүү 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн дэргэдэх анхны “Гарааны Эм Би Пи лаб ХХК”-ийг албан ёсоор үүсгэн байгуулсан юм. Иймд тус патентийг ашиглан импортын бүтээгдэхүүнийг орлох, монгол хүний онцлогт тохирсон, ургамлын гаралтай батганы эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МУИС болон Гарааны Эм Би Пи лаб ХХК-ийн хооронд патентийн лицензийн гэрээ байгуулж байна.

Тус гэрээний ач холбогдлыг үнэлж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Өнөөдөр МУИС-ийн түүхэнд чухал үйл явдал болж байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 онд Монгол Улсаас 4 их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулна гэж төлөвлөж байгаа. МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэж батлахдаа МУИС-ийг судалгаанд суурилсан их сургууль болгоно гэж зорьж байгаа ба энд сургалт, судалгаа, инноваци, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлд чиглэсэн энтрэпрэнёршипийг хөгжүүлэхийг чухалчилж үзсэн. МУИС-ийн ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхмиийн профессор Ж.Батхүү багш нь олон улсад хэвлүүлсэн өндөр импакт фактортой өгүүллийн тоогоороо МУИС-даа тэргүүлдэг ба судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн амжилт гаргаж байгаа тэргүүний багш, судлаач юм. Профессор Ж.Батхүү “100 наслаарай” антиоксидант шинж чанар бүхий цайны технологийг боловсруулж МОНОС ХК-д лицензийн гэрээгээр үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан туршлагатай ба 2017 онд олон судлаач, оюутнуудтайгаа хамтран судалгаа, туршилтад суурилсан үндэсний “Гарааны Эм Би Пи ХХК”-ийг байгуулж өнөөдөр “Phyto Acne” бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахад бэлэн болжээ. МУИС-д албан ёсоор бүртгэгдсэн анхны гарааны компанитай шинэ технологийг бизнесийн эргэлтэд оруулах зорилгоор лицензийн гэрээ байгуулж байгаад МУИС-ийн захиргааны зөвлөл, эрдмийн хамт олны өмнөөс талархал дэвшүүлж байна. Мөн их сургуулийн дэргэд судлаач оюутнууд, багштайгаа хамтран гарааны компани байгуулах нь оюутнууд өөрсдөдөө ажлын байр бий болгох, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх, их сургууль орлогын олон эх үүсвэртэй болох зэрэгт чухал ач холбогдолтой ба цаашид манай сургуулийн олон эрдэмтэд бүтээлээрээ МУИС-ийн стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтэд улам бүр их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Гарааны Эм Би Пи лаб” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор Ж.Батхүү “Манай оронд борлуулж буй батганы эсрэг дийлэнх бүтээгдэхүүн антибиотик агуулсан, импортын бүтээгдэхүүн байдаг. Иймд бид монгол хүний арьсны онцлогт тохирсон, ургамлын гаралтай бүтээгдэхүүний судалгаа эхэлсэн. Залесовын зэдгэлж нь хоруу чанар багатай, түүнд агуулагдаж буй фенолт липид нэгдлүүд бактерийн эсрэг өндөр идэвхитэйг Монгол, Японы эрдэмтдийн арван жилийн судалгаагаар тогтоосон. Уг ургамлын хандыг агуулсан PHYTO-ACNE бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэхэд энэ гэрээ томоохон гарц болно” гээд цаашид бүтээгдэхүүнийг илүү сайжруулах тал дээр судалгааны ажил үргэлжлэн хийгдэж буйг хэлсэн юм.

Патентийн лицензийн гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Хасбаатар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга А.Сайнбаяр, ЭШИХ, Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Докторант Н.Оюунбилэг, Магистр М.Энхцацрал нар оролцлоо.