МУИС байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Газарзүй-Геологийн Сургуулиас ”Монголын нийгэм ба газарзүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг МУИС-ийн ГГС-ийн захирал доктор В.Батцэнгэл нээж үг хэлэн, профессор М.Баянтөр, доктор С.Шийрэв-Адьяа нар удирдан явуулсан юм. Хурлаар газарзүй, геологи, цаг уур, уур амьсгал, хот төлөвлөлт, аялал жуулчлал, экологийн салбарт тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн байдал, хэтийн төлөвийн өргөн хүрээнд нийт 20 гаруй илтгэл хэлэлцэгдэв.
Хуралд ШУА-ийн газарзүйн хүрээлэн, гео-экологийн хүрээлэн, информатикийн хүрээлэн, БСШУЯ,МУБИС, ХААИС, ГХБГЗЗГ, Онцгой байдлын газрын харъяа гамшиг судлалын хүрээлэн, үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, ГГС-ийн судлаач эрдэмтэд, докторант магистрант, бакалаврын оюутнууд идэвхитэй оролцож санал бодлоо солилцон цаашид хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээ тодорхойллоо. Мөн хуралд Берлиний Чөлөөт Их Сургуулийн профессор доктор Ёорг Янцен уригдан оролцож өөрийн судалгааны ажлаа танилцуулж туршлагаа хуваалцсан юм.