Монголын Математикийн 48-р олимпиад энэ сарын 3-8-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиад нь МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 22 багийн 75 бага, дундын багш, 284 сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорилоо. Олимдиадыг МУИС-ийн МКС, ММОХороо хамтран зохион байгуулж, Р.Энхбат захиралтай “Математикийн хүрээлэн”, нэрт математикч Ч.Алтаннар ээжийн хамт, цагны төрөлжсөн дэлгүүрийн эзэн математикч Б.Мөнхжаргал, “Сэлбэ сервис” ХХК-ийн захирал С.Сэрээтэр, “Сант” сургууль зэрэг газрууд дэмжин ажиллажээ.
Олимпиадад 8-р ангийн 113 сурагч оролцсоноос “Орчлон” сургуулийн сурагч О.Бодрол нэгдүгээр байр, 11-р сургуулийн сурагч Б.Эрдэнэбаяр хоёрдугаар байр, “Орчлон” сургуулийн сурагч Батзориг гуравдугаар байр;
9-р ангийн 67 сурагч оролцсоноос “Орчлон” сургуулийн сурагч Ш.Золбаяр нэгдүгээр байр, “Олонлог” сургуулийн сурагч А.Сүхбат, А.Сумьяабат нар хоёрдугаар байр, 1-р сургуулийн сурагч Б.Тамир, 11-р сургуулийн сурагч Б.Ганхэт, “Олонлог” сургуулийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ, “Мон-Турк” сургуулийн сурагч Мөнх-Оргил нар тус тус гуравдугаар байр;
10-р ангийн 51 сурагч оролцсоноос “Олонлог” сургуулийн сурагч Ч.Золбоо нэгдүгээр байр, 1-р сургуулийн сурагч Б.Бат-Оргил, Увс аймгийн сурагч Н.Төмөр-Очир хоёрдугаар байр, “Мон-Турк” сургуулийн сурагч Б.Буян-Эрдэнэ,1-р сургуулийн сурагч Б.Ганзориг, Өвөрхангай аймгийн сурагч А.Мөнхсуурь нар гуравдугаар байр;
11-р ангийн 53 сурагч оролцсоноос “Олонлог” сургуулийн сурагч Б.Бат-Од нэгдүгээр байр, “Мон-Турк” сургуулийн сурагч Э.Төрбат, Дархан-Уул аймгийн сурагч Г.Баяннамсрай, 1-р сургуулийн сурагч Э.Оргил-Эрдэнэ нар хоёрдугаар байр, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Ж.Энхбаяр, 1-р сургуулийн сурагч А.Баатархүү нар тус тус гуравдугаар байр эзэлж алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Багш нарын олимпиадыг бага, дунд гэсэн хоёр ангилалаар явуулсан бөгөөд бага ангийн 31 багш оролцсоноос “Сант” сургуулийн багш О.Наранчимэг түрүүлж, 1-р сургуулийн багш М.Отгонжаргал, “Олонлог” сургуулийн багш П.Чимэг нар удаах байруудад орсон юм.
Дунд ангийн багш нарын олимпиадад нийт 44 багш оролцсоноос “Олонлог” сургуулийн багш Б.Ганбилэг тэргүүлж, “Олонлог” сургуулийн багш Б.Баяржаргал, Увс аймгийн багш Р.Одгэрэл нар мөнгө хүрэл медаль хүртлээ.
Харин багийн дундаж оноогоор Н.Гэндэнсүрэн ахлагчтай Улаанбаатар баг нэгдүгээр байр, Р.Одгэрэл ахлагчтай Увс баг хоёрдугаар байр, П.Сүхбат ахлагчтай Хөвсгөл баг гуравдугаар байр эзэлсэн юм. Мөн ММОХ-оос “Олонлог” сургуулийн багш дархан аварга Б.Ганбилэгийг Ч.Даваадоржийн нэрэмжит “Гарамгай амжилт” тусгай шагналаар шагналаа.
Энэ жилийн 7 дугаар сард Аргентиний Мардель-платод болох Олон Улсын Математикийн 53-р олимпиадад 9,10,11-р ангийн аварга сурагчдаа бэлтгэхээр олимпиадын хороо шийдвэрлэсэн юм.
Мөн олимпиадын нээлийн үеэр жил жилийн улсын математикийн олимпиадын аваргуудыг урьж ирүүлэн, олимпиадад оролцож буй багш сурагчидтайгаа уулзуулан, тэдний туршлага, дурсамжаас хуваалцсан нь олимпиадын сайн зохион байгуулалт, хамрах хүрээг илтгэсэн үйл явдал байлаа.