МУИС-ийн 70 жилийн ойд зориулан их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Биотехнологи бидний ирээдүй” сэдэвт лекц, олимпиадын үйл ажиллагаа V/4-V/5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх эгнээнд буй Биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр Монгол улсад мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн багш нар, залуу судлаачид, оюутнуудтай туршлага солилцож, Биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлага, ирээдүйн зорилтын талаарх мэдээллийг оюутнуудад олгож, тэдгээрийн хүсэл сонирхлыг энэ зүгт хандуулах зорилгоор энэхүү олимпиад, лекц зохион байгуулагдсан юм.
МУИС-ийн Биологи Биотехнологийн сургууль, Биохими,биоорганик химийн тэнхим, оюутны “Probe” биотехнологийн клуб хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд 2012 оноос эхлэн оюутны мэдлэгийг сорих Олимпиадтай болж өргөжсөн болно. Олимпиадыг хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Биоаюулгүй Байдлыг Хангах Үндэсний Хороо, Биоаюулгүй Байдлын чадавхийг бэхжүүлэх төсөл, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Биологи, Биотехнологийн Сургууль, Оюутны Зөвлөл, ББС-ийн Биотехнологийн ангийн анхны төгсөлтийнхөн оролцлоо.
Хөтөлбөрийн дагуу 5-р сарын 4-нд МУИС-ийн Эрдмийн их танхимд “Биотехнологийн хөгжил ба ирээдүй” сэдэвт цуврал лекцүүд уншигдаж, 5-р сарын 5-нд Биотехнологийн анхдугаар олимпиадыг Биотехнологийн талаарх онолын суурь мэдлэгийг шалгах тест хэлбэрээр зохион байгуулав. Тус олимпиадад МУИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, MIU, Мон-Турк ахлах сургууль, Ерөнхий Боловсролын 1-р сургуулийн нийт 157 оюутан, сурагчид оролцлоо.
Олимпиадын шагналт байруудыг доорх оюутнууд эзэллээ.
1-р байр: Б.Мөнхцолмон (МУИС-ийн ББС-ийн Биотехнологийн 4-р анги)
2-р байр: Э.Мөнхбилэг (МУИС-ийн ББС-ийн Генетик, молекул биологийн 3-р анги)
3-р байр: М.Хонгорзул (МУИС-ийн ББС-ийн Биотехнологийн 2-р анги)
Тусгай байр: Ц.Марал (МУИС, ББС-Генетик, молекул биологийн 3-р анги)
Тусгай байр: З.Түвшинзаяа (МУИС, ББС-ийн микробиологийн 3-р анги)
Тусгай байр: Ц.Жавзанпагма (ЭМШУИС, АУС-ийн 1-р анги)
Тусгай байр: Ц.Мөнхзул (МУИС, ББС-ийн экологийн 1-р анги)
Тусгай байр: С.Машбаяр (Мон-Турк ахлах сургууль)
Энэхүү олимпиадыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч, хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудад болон идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчиддаа талархал илэрхийлье