“ЭВОЛЮЦИ” сурах бичиг хэвлэгдэн гарлаа

Share Button

Манай үеийн нэрт эволюцийн биологич, Стоуни Бруук Их Сургуулийн тэргүүлэх профессор Дуглас Футуимагийн “Эволюци” сурах бичгийн 2009 оны хоёр дахь удаагийн хэвлэлийг зохиогчийн болон хэвлэлийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр монгол хэлнээ хөрвүүлэн гаргалаа. Их сургуульд үзэх уг сурах бичигт эволюцийн биологийн уламжлалт салбарууд дахь гарсан ололт, дэвшлээс гадна ген, геномын эволюци, эволюцийн хөгжлийн биологи (evo-devo) зэрэг эволюцийн биологийн шинэ салбаруудын талаар тусгагджээ. Ийнхүү биологийн бүхий л салбарыг нэгдсэн үзэл баримтлалаар хангадаг эволюцийн биологийн дэлхийн түвшний сурах бичгийг монгол хэлээр унших боломжтой боллоо. “Эволюци” номын монгол хувилбар 96.4 хэвлэлийн хуудас багтаамжтай, өнгөтөөр хэвлэгдсэн бүтээл болжээ.

2006 онд Чарльз Ж. Кребсийн “Экологи” сурах бичгийг орчуулж монгол хэлээр (мөн л 98 хэвлэлийн хуудастай) гаргахад оролцож байсан олон хүн “Эволюци” номын орчуулгад оролцсон байна. Тухайлбал, (цагаан толгойн дарааллаар) Ш. Анармаа (АНУ-ын Пенсильваний Их Сургууль) , Л. Ариунцэцэг (МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхим, АНУ-ын Уайомингийн Их Сургууль), Б. Батжаргал (МУИС-ийн Биохими, биоорганик химийн тэнхим), Б. Баяртогтох (МУИС-ийн Амьтан судлалын тэнхим), Д. Нарангарвуу (МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхим, Тайваний Үндэсний Их Сургууль), А. Отгонсүрэн (АНУ-ын Уайомингийн Их Сургууль, Геоэкологийн хүрээлэн), Ч. Сувдцэцэг (МУБИС) нар уг номыг эх хэлнээ хөрвүүлэх нөр ажлыг хийж, ББС-ийн Экологийн тэнхимийн Б. Болдгив зарим бүлгийг орчуулж, орчуулгыг нийтэд нь хянаж, хэвлэх ажлыг гүйцэтгэлээ.

Ийнхүү дэлхийн хэмжээний их сургуулиудад үздэг сурах бичгүүдийг хөрвүүлж, биологийн ухааны хоёр ч салбарыг (экологи, эволюцийн биологи) Монгол хэлээр унших шилдэг сурах бичгээр хангах ажил амжилттай хийгдээд байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар