Материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал 08-р сарын 20-23-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Физик-Электроникийн Сургуулийн 70 ойн нэрэмжит болгон зохион байгуулсан. Хуралд ХБНГУ-ын Геттингений их сургууль, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн институт, Францын Ле-манс-ын их сургууль, БНХАУ-ын өвөр монголын багшийн их сургууль, Италийн триест хот дахь олон улсын онолын физикийн төв, МУИС-ийн Физик электроникийн сургууль, ШУА-ийн Физик Технологийн хүрээлэн зэрэг гадаад дотоодын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагууд хамтран зохион байгуулж дэмжин оролцсон юм.
Хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Франц, Итали, Тайван зэрэг улсуудын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй эрдэмтэн судлаачид оролцож орчин үеийн материал судлалын онол аргазүй, техник технологи, төрөл бүрийн хэрэглээний асуудлыг хэлэлцсэн юм.
Түүний дотор энэ чиглэлээр дэлхийд өндөр зэрэглэлтэй ХБНГУ-ын Геттингений их сургуулийн физик химийн институтын эрдэмтэн доктор профессор F.Guethoff, материал судлалын институтын эрдэмтэн доктор профессор R.Mueller, Францын Ле-манс-ын их сургуулийн доктор профессор Ph.Daniel, БНХАУ-ын Өвөр монголын багшийн их сургуулийн доктор профессор O.Tegus, ОХУ-ын Дубна хот дахь цөмийн шинжилгээний нэгдсэн институтын нейтроны физикийн Франкын лабораторын захирал доктор профессор A.V.Belushkin нарын олон улсад нэртэй эрдэмтэд гол илтгэгчээр уригдан ирсэн нь уг хурлын чанар чансааг тодорхойлж байгаа юм.