Нобелийн шагналтан маргааш ирнэ

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Боловсрол Шинжлэх ухааны яам, РиоТинто хамтран Нобелийн шагналт эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа Химийн салбарийн 1986 оны Нобелийн шагналт Тайваний нэрт эрдэмтэн Профессор, доктор Юан Т.Лигийг  урьсан юм. Тэрээр маргааш Монголд хүрэлцэн ирнэ.

Доктор, профессор Юан Т.Ли нь 1936 оны 11 дүгээр сарын 19-нд Тайванд төрсөн. 1967 онд Харвардын Их Сургуульд доктор Дудлей Хершбахтай хамтран устөрөгчийн атом ба диатомт шүлтийн молекултай харилцан үйлчлэх урвалыг судлан, молекулын солбицсон цацрагийн төхөөрөмжөө бүтээж эхэлжээ. Улмаар 1986 онд “ Химийн элементар дроцессийн динамикт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүний нөхдийн хамт Нобелийн шагналаар шагнажээ. Тэрээр Тайваний анхны Нобелийн шагналт эрдэмтэн юм.

 

Профессор Лигийн судалгааны ажил нь гол төлөв урвалд орж буй бодисуудын энергийг хянах боломж, химийн урвалд орох чадвар молекулын харьцангуй байршлаас хэрхэн хамаарч байгааг тайлбарлахад чиглэгддэг бөгөөд урвалын завсрын бүтээгдэхүүний төрх байдал, задрах процессийн динамик, нийлмэл урвалын механизмыг тогтоох зэрэг судалгааны ажлуудыг хийдэг. Химийн кинетикийн эдгээр судалгааны ажлыг хийхдээ профессор Ли өөрсдийн зохион бүтээсэн “Молекулын солбицсон цацрагийн төхөөрөмж” хэмээн нэрлэсэн төхөөрөмжийг ашигласан ба төхөөрөмжийн өнцгийн болон хурдны тархалтын хэмжилтээс үүсэх мэдээлэл нь химийн элементар урвалын динамикийг судлах, ойлгох боломжийг олгосон юм.

Доктор Ли нь Нобелийн шагналаас гадна 1969 онд Слоаны тэтгэлэг, 1975 онд Америкийн хүмүүнлэг ба шинжлэх ухааны академийн тэтгэлэг, 1976 онд Америкийн физикийн нийгэмлэгийн тэтгэлэг, 1977 онд Гагинхаймийн тэтгэлэг, 1979 онд шинжлэх ухааны үндэсний академийн гишүүн, 1980 онд шинжлэх ухааны олон улсын академийн гишүүн, Синика академийн гишүүн, 1981 онд Лоуренсийн шагнал, 1983 онд Харрисон Хоугийн шагнал, 1986 онд Питр Дебайн шагнал болон шинжлэх ухааны үндэсний медал тус тус хүртэж байсан.

 

Тэрээр 09 сарын 13-ны өдрийн 10:00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд “ Химийн урвал ба фотохимийн процессийн динамик”  сэдэвт лекцийг унших юм. Мөн  15-ний өдрийн  11:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хүний нийгмийн тогтвортой байдал” сэдэвт лекцийг олон нийтэд зориулан уншина. Та бүхнийг Нобелийн шагналтны сонирхолтой лекцэнд урьж байна.

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар