МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Японы эмэгтэй улс төрч, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч Бандоо Марикогийн туурвисан “Лидер эмэгтэйчүүл 4.0 – Шинэ үеийн карьерын урлаг” номын монгол хэлээрх орчуулгын номын нээлт 2022 оны 3-р сарын 7-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн хурлын танхимд боллоо.
Энэхүү номыг монгол хэлээр орчуулж хэвлүүлэх ажлыг МУИС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Э.Тогтуун гардан гүйцэтгэсэн нь Японы Шоова Охидын Их сургуулиас 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Япон, Монгол дахь эмэгтэйчүүлийн нийгмийн идэвхтэй оролцооны харьцуулсан судалгаа” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг юм. Энэ онд гурав дахь жилдээ хэрэгжиж буй тус төслийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сард М.Бандоогийн “Бүсгүй хүний эрхэм оршихуй – Гадаад үзэмжээс амьдралын хэв маягт” номын монгол хэлээрх орчуулгыг Соёмбо хэвлэлийн компаниас гаргасан бол 2021 оны хоёрдугаар сард “Япон дахь эмэгтэйчүүдийн талаарх бодлого – Эрэгтэй, эмэгтэйн хамтын ухамсарт оролцоо ба хүүхдийн тоо цөөрч байгаатай холбогдуулан авч байгаа бодлогын араас” –ын монгол хэлээрх хэвлэл болон энэ удаагийн гурав дахь бүтээл “Лидер эмэгтэйчүүл 4.0 – Шинэ үеийн карьерын урлаг” –ийн монгол хэлээрх хэвлэлийг Удам соёл хэвлэлийн компанид хэвлэжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд уг орчуулгын ажлын ариусган шүүгчээр ажилласан Монголын Зохиолчдын Хорооны тэргүүн, нэрт сурган хүмүүжүүлэгч, судлаач Д.Цэдэв хүрэлцэн ирж, зохиогч ба номын талаар сонирхолтой яриа хөөрсөн нь тус үйл ажиллагааг, мөн номыг орчуулж гаргасан ажлыг үнэ цэнтэй, утга учиртай болгосон юм.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд нийт 80 гаруй багш оюутанд тус номыг түгээж тараалаа. Уг орчуулгын номыг МУИС-ийн номын сан, Улсын нийтийн номын сан зэрэг номын сан, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо зэрэг төрийн бус байгууллага, Япон хэлний сургалтын төвүүдэд хандивлах юм.
МУИС, ХУС, Ази судлалын тэнхим