МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Мэдлэгээ хуваалцъя” төсөл өнөөдөр /2022.04.23/ эхэллээ. Үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг үг хэлж, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн зөвлөх багш, МУИС-ийн зөвлөх профессор Р.Дарьхүү, сургагч оюутан О.Анар нар сургалтын талаар товч мэдээлэл өгч, анхаарах зүйлсийг танилцуулсан юм.
Төслийн хүрээнд МУИС-д ЭЕШ-ын өндөр оноотой элссэн суралцагчид, МУИС-ийн профессоруудын хамт Монгол хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг, Физик, Хими, Биологи, Газарзүй, Түүх, Англи хэл, Орос хэл гэсэн 10 чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад туршлага, мэдлэгээ хуваалцана.
Нээлтийн үйл ажиллагааны дараа “Мэдлэгээ хуваалцъя” төслийн сургалтууд эхэлж сурагчид өөрсдийн суухаар бүртгүүлсэн хичээлүүд рүүгээ орцгоолоо.
“Мэдлэгээ хуваалцъя” төсөл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс Бямба, Ням гарагуудад 100% үнэ төлбөргүйгээр МУИС-ийн хичээлийн 2-р байранд явагдана. МУИС-ийн оюутан залуус цаашид энэхүү аяныг тогтмол зохион байгуулж мэдлэгээ хуваалцах болно.