“Монгол судлал-Залуу үе” тэтгэлгийг дөрөв дэх жилдээ гардууллаа

Share Button

“Монгол судлал-Залуу үе” тэтгэлгийн батламж гардуулах ёслол  2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд  Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, ШУС-ХУС-ийн салбар хариуцсан дэд захирал Н.Алтантөгс, “Корнерпойнт” ХХК-ийн захирал С.Болдбаатар, Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Т.Отгонтуул, Ази судлалын тэнхимийн профессор Д.Сайнбилэгт  нар оролцлоо.

“Монгол судлал-Залуу үе” тэтгэлгийг Монгол Улсын Их Сургуулийн 1996 оны төгсөгч “Корнерпойнт” ХХК-ны захирал С.Болдбаатар, ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш Б.Дулмаа, 1995 оны төгсөгч Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Т.Отгонтуул нар санаачилсан бөгөөд өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Тэтгэлгийн зорилго нь Монгол судлалын бүхий л чиглэлээр дагнан ажиллах гадаад дотоодын оюутан залуусыг онцолдог бөгөөд монгол судлалыг хөгжүүлэхэд судалгаа шинжилгээгээ зориулах залгамж үеэ дэмжих, тэдэнд урам зориг төрүүлэхэд оршино.

 Тус тэтгэлэгт монгол судлалын чиглэлээр МУИС-д сурч буй гадаад, дотоодын оюутан залуус хамруулахад ихээхэн анхаардаг бөгөөд тэтгэлэг олгож эхэлсэнээс  хойш Монгол судлалын чиглэлээр суралцдаг гадаад болон дотоодын нийт 13 суралцагч хамрагдсан байна.

2021-2022 оны хичээлийн жилд тус тэтгэлгийг сурлагаараа тэргүүлсэн ШУС-ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй докторант Өвөр монгол суралцагч Х.Урьхан (Wuriheng), ШУС-ХУС-ын Хэл шинжлэл (Монгол хэл) хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Б.Энхбүжин нар шалгарч батламжийг гардан авлаа.

Тус тэтгэлгийг гардан авсан оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсч монгол судлалын салбарт нэр алдраа дуурсгасан сайн судлаач, сайн багш болохыг хүсэн ерөөе.

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар