“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич Д.Доржготовт хүндэтгэл үзүүллээ

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготовт хүртээсэн билээ.

Академич Д.Доржготов нь хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвин Монгол орны хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгон, Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Өнөөдөр /2022.11.28/ МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич Д.Доржготовыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

2004 онд МУИС-ийн Геоэкологи-газрын менежментийн тэнхим байгуулагдахад Академич Д.Доржготов эрхлэгчээр томилогдож, 2008 он хүртэл ажилласан бөгөөд 2008-2013 он хүртэл Геоэкологи, орчин судлалын тэнхимийн анхны эрхлэгчээр мөн ажилласан байна. Академич Д.Доржготов дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол оронд хөрс судлаач мэргэжлийг санаачлан, гардан хэрэгжүүлж, дотоодын эрдэмтдийн нөөцийг нэмэгдүүлэн, нарийн мэргэжлийн багш, судлаач, эрдэмтдийг сургаж, бэлтгэхэд мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсны дээр эдүгээ ч МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн гэрээт багшаар ажиллаж байгаа юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар