“Мультимедиа Мэдээллийн Технологи ба Хэрэглээ” (ММТХ) сэдэвт 7 дахь олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Солонгосын Мультимедиа Нийгэмлэг, МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль хамтран 2011 оны 7 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд МУИС-д зохион байгууллаа.
Уг хурал нь Ази номхон далайн орнуудын шинэ медиа технологи тэдгээрийн програм хангамж, судалгааны ажлуудтай танилцах, туршлага солилцох, үр дүн шинэ арга технологи, мэдлэг туршлагыг харилцан сайжруулах, идэвхижүүлэх зорилготойгоор анх Солонгосын Мультимедиа нийгэмлэг 2003 онд Энэтхэгт зохион байгуулж байжээ. Монгол улсад зохион байгуулагдаж буй уг хуралд Энэтхэг, Хятад, Солонгос, Япон, Монгол орны нийт 150 гаруй оролцогчид 13 сэдэвт чиглэлээр 115 илтгэл тавигдаж, харилцан санал бодлоо солилцсоноос 115 нь гадны эрдэмтэд байснаараа онцлог байлаа.
ММТХ нь Мультимедиа сүлжээ, Харилцаа, холбоо аюулгүй байдал, Дижитал зураг, Видео дуу боловсруулалт, Мультимедиа мэдээллийн систем, Эмбедэд систем, Цахим сургалт, Био-информатик, Био-анагаах, Интернет технологи, Компьютер график, Мобайл програмчлал зэрэг чиглэлүүдийг хамарч явагддаг өргөн цар хүрээтэй хурал юм.
Хурлын нэг салбар хуралдааныг хамтын ажиллах боломжууд сэдвээр явуулан БНСУ-ын их сургуулиудын профессорууд өөрсдийн судалгааны чиглэлүүд, лабораторио танилцуулж тухайн чиглэлээрээ магистрантур, докторантурт элсэгчдийг тэтгэлэгтэйгээр суралцуулах, хамтран төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Мөн БНСУ-ын 7 их сургууль, Солонгосын Мультимедиагын нийгэмлэгээс /KMMS/ мультимедиа холбооны технологи, холбооны аюулгүй байдал, мультимедиа мэдээллийн систем, Эмбедэд систем, Био-информатик, видео дууны процесс, Компьютер график дизайн зэрэг чиглэлийн 137ш ном сурах бичгийг МУИС-ийн номын фондод хандивласан нь Монголын оюутан залуучуудад мультимедиа, график, холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэхэд ач холбогдолтой хөрөнгө оруулалт болов.
Хурал амжилттай зохион байгуулагдсан нь МУИС, KMMS Солонгосын Мультимедиа нийгэмлэгийн хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, оюутан солилцоо, судалгааны өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжийг нээж өглөө.