Дараагийн 9 сарын 1 ойрхон байна

Share Button

Төрийн их сургуулиудын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан олон нийт төдийгүй багш ажилчдын дунд ч  хүлээлт үүсгээд буй  билээ. Энэ тухай болоод цаг үеийн бусад сэдвээр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяртай ярилцлаа. IMG_0009

–       Энэ өдрийн мэндийг хүргэе. Та МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юунд голлон анхаарч ажиллав?

Захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг аваад 2 сар болсон байна. Энэ хугацаанд тэмдэглэлт өдөр,  баярууд боллоо, захирлын сонгон шалгаруулалт зарлагдлаа, сургуулийн удирдах зөвлөл шинэчлэгдлээ гэх мэт олон үйл явдал болж өнгөржээ.  Ажил хүлээж авсан даруйдаа  2013 оны төсвийг дахин хянаж үзлээ.  Төсвийг 2012 оны 12 сард  хэлэлцсэн байсан юм. Тэгээд 1 сард болсон захиргааны зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж  Төвлөрсөн санд хуримтлагдсан 1.4 тэрбум төгрөгөөс 1.1 тэрбумыг нь том хөрөнгө оруулалтанд тусгууллаа. Энэ 1.1 тэрбум төсөвт тусалгүй сул хэвтэж байсан гэдгийг хэлэх ёстой байх. Ингэснээр хөгжлийн санд хуримтлагдсан 2.1 тэрбумыг нэмбэл бидэнд тодорхой хуримтлал байна гэсэн үг. Харин одоо юунд, хэрхэн зарцуулахыг ярилцаж байна.  Мөн их ба урсгал засварын зардлын төсвийг багасгасан. Өмнө жилүүдэд нилээд засвар хийгдсэн учраас. Өнгөрсөн жил цалинг 50 хувь нэмснээр одоо нийт зардлын 75%-ийг цалингийн зардал эзэлж байна. Шуудхан хэлэхэд төсөв нэлээд хүнд байна, бүх орлогоо цалинд зарцуулаад ч хүрэхгүй сургууль байна. Сургалтын төлбөрөөс бүрэн хамааралтай учраас УЗ-ийн шийдвэрээс бүх юм шалтгаална.

Захирлын сонгон шалгаруулалтыг хүлээж Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулах хамтын гэрээ, банкны гэрээ сунгах зэрэг зарим ажлуудыг хойшлуулж байсан. Гэвч сонгон шалгаруулалт 3 сар хүртэл хойшилсон тухай БШУЯ-аас мэдэгдсэн тул шийдэх асуудлуудыг шийдэх, явах ёстой ажлуудыг эхлэхгүй бол дараагийн 9 сарын 1 ойрхон байна. Хичээлийн шинэ жилээс өмнө дараа жил хэрэгжүүлэх ёстой санаануудыг одоо хийхгүй бол бид жил алдахаар байна.

–       Тиймээ, энэ талаар  багш, ажилчид facebook, twitter зэрэг хуудсаар  ихэд сонирхож байсан. Эдгээр асуудал хэрхэн шийдэгдэж, аль шатанд явна вэ?

Өчигдөр ҮЭ-ийн хороотой хамтын гэрээнд гарын үсэг зурлаа. Харин банкны гэрээ сунгах тухайд ЭЗС-ийн сургуулийн мэргэжлийн багш нар болон Үйлдвэрчний эвлэл, Хамт олны зөвлөлийн төлөөллүүд орсон ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь санхүүгийн аливаа үйл ажиллагаа нээлттэй байх, хамт олны санаа бодлыг шийдвэрт тусгах үүднээс хэрэгтэй алхам гэж үзэж байгаа.  Ажлын хэсгийнхэн банкуудтай гэрээ хийхдээ цаашид ямар зарчим баримтлах вэ гэдэг дээр бидэнд зөвлөмж өгнө, банкны найдвартай байдал, үйлчилгээний чанар зэрэг олон зүйлүүдийг харгалзаж үзэх ёстой.  Ажлын хэсэг 3 сарын 1 гэхэд өөрсдийн дүгнэлтээ бидэнд өгнө. Тэгээд даруй асуудлыг шийднэ.

–       МУИС дээр яг одоогийн байдлаар хэрэгжиж байгаа болоод яригдаж байгаа өөр ямар ажил байгаа вэ?

Өөр нэг ажил гэвэл Сургалтын албатай хамтран гурван дотоод төсөл зарласан байгаа. Эдгээр төслүүд тус бүр нь 5 сая төгрөгний санхүүжилттэйгээр 2 сарын хугацаатай явагдаж байгаа бодлогын судлагааны төсөл юм. Үүнээс гадна Эрдэм шинжилгээний хэлтсээс инженерийн сургууль байгуулах боломжийн талаар, цахим сургалтын талаар зэрэг нэмэлт төслүүдийг бас хэрэгжүүлж байна. Аливаа асуудлыг судалгаан дээр үндэслэж шийдвэрлэх гэсэн зарчмыг хатуу барих ёстой.

–       Эхний гурван төслийг сэдэв, чиглэлийн хувьд тодруулбал?

Дээд боловсролын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээ, Сургалтын хөтөлбөр, салбар дундын хөтөлбөрүүдийн шинжилгээ, Дээд боловсролын бодлогын шинжилгээ гурван сэдвийн хүрээнд явагдаж байгаа. Дараа сарын 15 гэхэд дуусна, сонирхолтой үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Гарсан үр дүнгээр хэлэлцүүлэг явуулж, хамт олонд мэдээллэх болно.

–       Та МУИС-ийн захирлын үүргийг гүйцэтгэж байгаа хүн.  Удирдлагын зүгээс харахад сургуулийн өнөөдрийн байдлаар тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Тулгамдсан асуудал гэвэл сургалтын хувьд бүгд мэдэж байгаа. Оюутны тоо ихэссэнээс болоод сурах орчны багтаамжийн хувьд хүнд байна, багш нар маань бакалаврын сургалтаасаа толгой өндийлгөж чадахгүй байна. Энэ байдал дээр тодорхой ажлыг хийхээс өөр арга байхгүй. Тиймээс ч энэ жилийн төсөвт томоохон хөрөнгө оруулалтыг сургалтын орчинд зарцуулахаар төсөвт тусгасан.

Бид оюутнуудынхаа сурах орчин, сургалтын чанарт анхаарах нь хамгийн чухал. Чанартай боловсон хүчнийг бэлдэж гаргах, бидний бэлтгэн гаргаж буй бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гараад ажилтай байх шаардлагатай. Үүн дээр л гол анхаарлаа хандуулах ёстой.  Эрдэм шинжилгээ, судалгааны хувьд өмнө эхлүүлсэн ажлуудынхаа хэрэгжилтэнд анхаарах ёстой.  Дээрээс нь шинээр хөрөнгө мөнгө татах, бусад хамтын ажиллагааг идэвхижүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Мөн сургуулийн удирдлагын түвшинд шинэ бодлого оруулж илүү уян хатан ажилладаг байхаар шинэчлэлийг хийх хэрэгтэй гэж хувьдаа боддог. Мэдээллийн технологийг сургалтанд дөнгөж ашиглаж эхэлж байна, тэр маань нэг л зүгширч өгөхгүй байна. Санхүү, эрдэм шинжилгээ, удирдлагыг СиСи дээр нэмэх хүртэл хол байна. Би ШУТИС-ийн UNILMS-тэй өнөөдөр танилцлаа, манайх үнэхээр хол хоцорсон байна. Тэднээс тусламж зөвлөлгөө авах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

–     Та үүрэг гүйцэтгэгчээр ажилласнаасаа хойш МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирлыг шинээр томилсон нь үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

Өмнө нь бид санхүүгийн асуудал дээр зарим хүмүүсийн шүүмжлэлийг хүлээдэг байсан. Би ч хувьдаа тэр шүүмжлэлтэй санал нийлж байсан. Үнэндээ би дэд захирал мөртлөө  санхүүгийн талаар маш бүрхэг мэдээлэлтэй байсан, бид үнэн зөв мэдээлэл дээр ажилладаг байсан гэдэгт итгэдэггүй. Санхүүгийн үйл ажиллагааг нээлттэй болгож чадаагүй. Үүнээс гадна үнэхээр урагшаа харсан зорилгод бус аар саар зүйлд мөнгө зарсан гээд хэлбэл олон зүйл байна. Хэрэгтэй зүйлд мөнгийг хайрлахгүй байх, харин шаардлагагүй зүйлд  нэг ч төгрөг гаргахгүй байх ёстой. Санхүүгийн хувьд бүгдийг шинээр харах,  шинэчлэл хийх хүн хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирлаар ЭЗС-ийн багш Ч.Нарантуяаг томилсон.

–       Хүмүүсийн дунд нэг ийм яриа байна л даа. Дэд захирал Ч.Нарантуяаг их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа энэ үед улс төрийн томилгоогоор ирлээ. Түүний нөхөр С.Баярцогт МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга болох юм гэнэ гээд л..

Явган яриа гэснээс мэдээллийг шуурхай хүргэх тухай ярилцаж байгаа. Би ЭЗС-ийн бүх багш нарын нэрсийг жагсааж байгаад харсан. Тэгээд Ч.Нарантуяа багшийг сонгосон. Аливаа ажилд хүний чадвар, хийе гэсэн сэтгэл, тавьж байгаа зорилтыг шийдэх боломж гэсэн 3 зүйл үндсэн шалгуураар харах ёстой. Тодорхой нэг улс төрчийн гэр бүлийн хүн байна уу үгүй юү гэдгээс болж чадвартай хүнээ сонгохгүй байж болохгүй шүү дээ. Тэгээд ч Ч.Нарантуяа багш бол МУИС-д олон жил ажилласан, өөрөө АНУ-д докторын зэрэг хамгаалсан мэргэжлийн хүн,чадвартай боловсон хүчин.  Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Харин яамнаас ирүүлсэн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн дотор С.Баярцогтын нэр байхгүй байгаа.

–       Та МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтанд нэр дэвшиж байгаа юу ?

Материалаа өгсөн.

–       Тэгвэл таны бодлоор цаашид Их сургуульд удирдлагын бодлогын зүгээс хийх шаардлагатай ажил юу байна вэ?

Сонгон шалгаруулалтанд манайхаас ч олон хүн дэвшсэн байгаа шүү дээ. Хэн ч захирал болсноос хамаарахгүй шийдэх асуудлууд адилхан. Хэд хэдэн нэр дэвшигчтэй санал солилцсон, ерөнхий санаа маш их байна лээ. Тийм болохоор зөвхөн би ч биш хэн ч бай хийх ёстой ажил учраас ерөнхийд нь юу хийх хэрэгтэйг ярья.

–       Тэгэлгүй яахав, миний асуулт ч бас энэ утгаар тавигдсан юм.

Нэгдүгээрт тавигдах маш чухал нэг зүйл юу вэ гэхээр Их сургууль гэдэг бол нийгэмд 2 үндсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага. Манай  бүтээгдэхүүн бол нэг ньтөгсөгчид, нөгөө нь бүтээж буй шинэ мэдлэг.  Энэ хоёр үндсэн бүтээгдэхүүнээ чанартай, нийгмийн шаардлагыг хангаж чадахуйцаар нийлүүлэх нь бидний гол зорилго. Энэ зорилгоо яаж , ямар хүний нөөцөөр, ямар материаллаг нөөцөө ашиглаж, ямар бодлогоор биелүүлэх вэ гэдгийг бид бодож олох ёстой.

Багш нар бол манай хөдөлгөгч хүч, тэд нарыг зөв ажиллуулах маш чухал. Оюутантайгаа ажилладаг, судалгааны ажлууд нь сайн сэтгүүлд хэвлэгдэж байгаа, чадвартай хэсгээрээ манлайлуулж, тэдний ажлыг үнэлдэг байж өөрчлөлт гарна. Удирдлагад хамт олны оролцоог бүх талаар нэмэгдүүлэх ёстой, хамт олны зөвлөл, эрдмийн зөвлөлийг институтын хувьд бэхжүүлэх хэрэгтэй байгаа. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн бид нийгэмд үйлчилдэг, бүтээгдхүүнээ гаргадаг байгууллагын хувьд сургалт судалгааны чанар нэгд тавигдах ёстой,  зөвхөн багш нарын эрх ашгийг хамгаалсан бүтэц, хөтөлбөр, судалгааны чиглэлтэй байж болохгүй.  Тэгвэл удахгүй биднийг нийгэм хүлээж авахаа болино.

Сургалттай холбоотойгоор ярихад  дээр хэлсэнчлэн  оюутны тоо ихэссэн, байр орчны багтаамж тааруу зэрэг асуудлууд байна.  Сургалтыг элсэлтээс төгсөлт хүртэл процесс талаас нь ярья л даа. Элсэлтийг шударга, нээлттэй байлгахаас гадна авах квот төгсөлтийн эрэлттэй холбосон мониторингоор чанарыг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.  Зарчмийн хувьд, мэдээллийн технологи ашиглаад хүнээс хамаарах хамаарлыг минимум болгож, янз бүрийн цохолтоор орох боломжийг хаах ёстой. Дараа нь элсээд ороод ирсэн хүүхдүүдийг ямар хөтөлбөрөөр сургах вэ, ямар сургалтын технологоор сургах вэ, ямар багшаар хичээл заалгах вэ, ямар орчноор хангаж ажиллах вэ гэдэг нь тус бүртээ бодлого хөтөлбөр шаардана.

Өмнө нь бид аль болох зах зээлээс олон оюутан элсүүлэх, оюутнаасаа илүү сургуулиа хэрхэн оршин тогтноох вэ гэдгийг илүү боддог байсан. Энэ бодлогыг зогсоох ёстой юм.  Суралцагчдадаа илүү чөлөөт сонголтот  боломжийг нээж өгөх хэрэгтэй. Үнэхээр зах зээлийн хэрэгцээнд нийцэхгүй зарим хөтөлбөрийг улс бодлогоор дэмждэггүй л юм бол хаахаас өөр аргагүй ч байж магадгүй.  Үүний нөгөө талаас шинэ орон зайг харах хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор инженерийн чиглэлийн шинэ сургууль нээх ч юмуу.

Харин судалгааны чиглэл дээр профессорын баг ажиллаж эхэлсэн. Улс судалгааны их сургуулийн санааг дэмжиж, мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа. Судалгаа бол төрийн бодлоготой дэмжлэггүйгээр хөгжихгүй, иймээс бид одооноос тэр дэмжлэгийг хүлээж авах суурийг бий болгохоор ажиллаж байна. Мөн төгсөлтийн дараах сургуулийг байгууллаа, түүнийг дэмжих бүтцийг байгууллаа, одоо бодит хэрэгжилтийг сайн хийх хэрэгтэй. Үүнээс илүү юм яриад эхэлбэл хэт нарийсаад нэг хүний мөрийн хөтөлбөр рүү орчих болов уу, ингээд зогсоё.

Ярилцсанд баярлалаа.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар