Монгол-Германы биологич эрдэмтдийн хамтын ажиллагаа 1962 онд хамтран зохион байгуулсан анхны экспедицээс эхлэлтэй бөгөөд 1967 онд МУИС-Германы Халле хотын их сургуулиудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хоёр сургуулийн сургалт, судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 2012 онд хоёр орны биологич эрдэмтдийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиосон бөгөөд энэ ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 3-р сард Халлегийн их сургууль дээр зохион байгуулсан билээ. Энэ түүхт хамтын ажиллагаа нь сүүлийн жилүүдэд биологийн олон янз байдлын судалгааны хамтарсан экспедици, Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) санхүүгийн дэмжлэгтэй олон улсын зуны сургалт ба биологийн олон янз байдлын магистрын сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг төслүүдээр амжилттай үргэлжилж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Ойн хүрээнд МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургууль ба Германы Гөрлиц хотын Зенкенберг байгалийн түүхийн музей хамтран гаргасан “Зэрлэг адуу ба үетэнт хээрийн өлгий нутаг –Биологийн олон янз байдлын судалгаа” нэртэй үзэсгэлэнг та бүхэндээ үзүүлж байна.
Энэхүү үзэсгэлэн нь хоёр орны хамтын ажиллагааны 50 жилийн түүхэн замнал, сүүлийн үеийн хамтарсан судалгааны зарим чиглэл, үр дүнг нэгтгэн харуулж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) ажилтан П. Гэрэлтуяа, Биологи, биотехнологийн сургуулийн захирал Др. Н. Батхүү болон багш, оюутнууд оролцлоо.
Та бүхнийг энэхүү үзэсгэлэнг 3-р сарын 15 хүртэлх хугацаанд МУИС-ийн хичээлийн II-р байрын өргөтгөлийн 3-р давхарт ирж үзэхийг урьж байна.