Биологийн олон янз байдлын конвенцын талуудын XV хурал (CBD COP15)-аар батлагдсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг Монгол Улс хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-2030 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж байгаа энэ үед “Монгол орны зарим ургамлын улаан дансны үнэлгээ ба хамгааллын арга хэмжээ” ээлжит хэлэлцүүлэг МУИС-ийн Номын сангийн байрны 502 тоот өрөөнд боллоо.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монгол Улсын Их сургууль (МУИС), Монгол Улсын Боловсролын Их сургууль (МУБИС) зэрэг байгууллагуудын 20 орчим эрдэмтэн судлаач, мэргэжилтэн оролцов. Энэ удаа Монгол орны ургамлын улаан дансны дөрөв дэх цувралд хамрагдсан Монгол орны гуурст 1290 зүйл, хөвд 63 зүйл, замаг 24 зүйл, мөөг 29 зүйл, хаг 30 зүйл буюу нийт 1,436 зүйл ургамлын бүс нутгийн үнэлгээ болон хамгааллын арга хэмжээний талаар авч хэлэлцжээ.
Энэхүү хэлэлцүүлгийг 2022-2023 онд БОУАӨЯ (хуучнаар БОАЖЯ)-ны захиалгаар хийсэн Монгол орны ургамлын төрөл зүйлүүдийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар үнэлсэн ажлуудыг нэгтгэн “Монгол орны ургамлын улаан данс” дөрөвдүгээр цувралыг ном болгон хэвлүүлэх ажилтай уялдуулан хийлээ.