Монгол Улсын Их Сургууль, Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэг гардуулах ёслолыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа. АНУ-ын STEM салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн төгсөгч, Монгол эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан Women Empowerment Mongolia (WE Mongolia) нь АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага юм.
2021-2022 оны хичээлийн жилийн 10 дугаар сард МУИС болон Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд 4 дэх жилдээ уг тэтгэлгийг олгож байгаа бөгөөд энэ хичээлийн жил нийт 26 оюутан хамрагдаад байна.
Тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрд 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна тэднийг 6 сарын хугацаанд:
- Англи хэлний эрчимжүүлсэн сургалт
- “Role Model” онлайн сургалт
- Ганцаарчилсан көүчинг
- Мэргэжил таниулах уулзалт
- Технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулган зэрэг нийт 80 гаруй цагийн сургалт, уулзалт, арга хэмжээнд хамруулж хувь хүний хөгжлийг олон талаас нь дэмждэг юм.
Мөн охидын манлайлал, баг бүрдүүлэлт, мэргэжлийн ур чадвараа сорих сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг бүрдүүлэн ажилладгаараа онцлогтой.
Түүнчлэн багийн гишүүд ахлах ангийн охидод зориулсан зуны сургалт зохион байгуулах, сургууль, хөтөлбөрөө сурталчлан таниулах, зөвлөгөө өгөх зэрэг ажилд хамрагдан оролцдог билээ. Сургалт, хөтөлбөрт арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон нэг суралцагчийг шалгаруулж, Women in Tech – дэлхийн хөдөлгөөний Ази Номхон Далайн орнуудын шилдэг охидыг шалгаруулах шагналд нэр дэвшүүлдэг юм.
2024-2025 оны хичээлийн жилд нээлттэй зарласан хугацаанд STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр амжилттай суралцаж буй 3-р түвшний эмэгтэй суралцагчид материалаа ирүүлж, Women Empowerment Mongolia (WE Mongolia) ТББ эцсийн шатны сонгон шалгаруулалтыг хийн тэтгэлгийн болзлыг хангасан дараах 5 суралцагч тэтгэлгийн эздээр тодорлоо.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрс:
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Б.Энхжин
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Компьютерын ухаан хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Г.Хишигжаргал
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Компьютерын ухаан хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Т.Намуулин
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Г.Буяннэмэх
- Хөтөлбөрийн оролцогч МУИС-ийн МТЭС-ийн Мэдээллийн систем хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Б.Нандинбилэг
Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ч.Алтангэрэл, профессор Н.Оюун-Эрдэнэ, дэд профессор Б.Сувдаа, WE Mongolia ТББ-ын тэргүүн, үүсгэн байгуулагч Ц.Сарангэрэл, Монгол дах салбарын зөвлөх Ч.Энххорол, гүйцэтгэх захирал Б.Оюу-Эрдэнэ, гишүүн, ерөнхий зохион байгуулагч Ж.Бурмаа, Эмпасофт Технологийн Сургуулийн захирал Н.Энхсайхан нар суралцагчдад сурлагын амжилт хүсэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
WOMEN EMPOWERMENT MONGOLIA (WE MONGOLIA)