Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчдад зэргийн бус сургалтын гэрчилгээ олгох ёслолын үйл ажиллагаа боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Төрийн Тусгай Хамгаалалтын Газар хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулагдсан зэргийн бус сургалтын нэгдүгээр ээлжийн төгсөлтийн үйл ажиллагаа /2025.02.21/ МУИС-ийн Эрдмийн танхимд болж ТТХГ-ын эхний ээлжийн 80 суралцагч “Зэргийн бус сургалтын гэрчилгээ”-гээ ёслол төгөлдөр хүлээн авлаа.

МУИС-ийн ректор Б.Очирхуяг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ажлуудын цөм хэсэг нь ТТХГ-ын бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах явдал гэдгийг онцлов. Нөгөө талаар МУИС нь Монгол Улсын ууган их сургуулийн хувьд насан туршийн боловсролын суралцахуйг дэмжсэн бодлогоор дамжуулан нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой болохыг дурдлаа.

ТТХГ-ын дарга, бригадын генерал Л.Алтангэрэл хэлсэн үгэндээ “ТТХГ нь Төрийн гурван өндөрлөг, төрийн дээд хэмжээний гадаадын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд энэ байгууллагын эд эс, нүүр царай болсон ажилтан, алба хаагчдыг чадавхижуулах саналыг найрсгаар хүлээн авч, ажил хэрэг болгосон МУИС-ийн удирдлагууд, зохион байгуулсан багш, ажилтан нарт талархал илэрхийлэв. Энэ үйл ажиллагаа Монгол Улсын ууган их сургуулийн эрдмийн их уурхайгаас эрдэм хүртэж буй тусгай чиг үүргийн ажилтан албан хаагчдын хувьд анхны бөгөөд түүхэн үйл явдал гэдгийг Бригадын генерал цохон тэмдэглээд, хоёр жилийн турш үргэлжлэх сургалтад давхардсан тоогоор 450 орчим албан хаагч суралцахаар төлөвлөснийг онцоллоо.

Энэ удаагийн зэргийн бус сургалтад “Монгол бичиг” 20, “Мэдээллийн технологи” 20, “Англи хэлний анхан болон дунд шат”-нд тус бүр 20, нийт 80 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Хүний хөгжлийн зорилгын 2.1 дүгээр зорилт, МУИС-ийг 2025-2030 онд хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөний зорилтыг хангахад чиглэсэн насан туршийн суралцахуйг дэмжсэн сургалтын тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газраас холбогдох тэнхимүүдтэй хамтран төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан багц хөтөлбөрөөр зэргийн бус сургалтыг зохион байгуулах ажлыг ийнхүү эхлүүлээд байна. Цаашид зэргийн бус сургалтын багц хөтөлбөрийг тэнхимүүдтэй хамтран боловсруулж, хамрах цар хүрээг өргөжүүлэх хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар