МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс профессор, багш нарын судалгааны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Python ашиглан өгөгдөл боловсруулах” анхан шатны сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 31-нээс эхлэн дөрвөн долоо хоногийн хугацаанд зохион байгууллаа. Сургалтыг МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн дэд профессор З.Цолмон удирдан явуулав.

Сургалт нь Python программчлалын үндсэн ойлголт, энгийн код бичих арга барилыг эзэмшүүлэхийн зэрэгцээ судалгааны өгөгдлийг унших, цэвэрлэх, кодлох, нэгтгэх, дүрслэх, статистикийн суурь аргаар шинжлэх, шинжилгээний үр дүнг тайлбарлах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэв.

Сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, оролцогчид судалгааны жишээн дээр өгөгдөл боловсруулах, шинжлэх үе шатуудыг практик дасгалаар бататгав. Мөн судалгааны шинжилгээг давтан гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг “Python Notebook” орчинд ажиллах арга барилд суралцлаа.
Тус сургалтад МУИС-ийн 15 багш хамрагдаж, судалгааны ажилдаа программчлалын арга хэрэгслийг ашиглах, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх суурь мэдлэг, ур чадвараа хөгжүүллээ.
БАГШИЙН ХӨГЖИЛ, СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ТӨВ

