2025 оны 1-р сарын 23-24-нд, МУИС-ийн Социологи, Нийгмийн Ажлын тэнхимийн төлөөлөгчид Бостон Коллежийн Нийгмийн Ажлын Сургууль (BCSSW)-д зочилж, тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Түмэннаст Монголын нийгмийн ажлын хөгжлийн талаар илтгэл танилцуулж, тэнхимийн багш судлаачид салбарын хөгжлийн талаарх хуралдааны хэлэлцүүлэгт оролцов.
1-р сарын 23-нд, төлөөлөгчид “Монгол дахь нийгмийн ажлын боловсрол ба практик” сэдэвт семинар зохион байгуулсан бөгөөд тус хуралд Бостон Коллежийн оюутнууд болон багш нар оролцож, Монголын нийгмийн ажлын хөгжлийн чиг хандлага, тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл авч, санал солилцсон. Энэ үйл ажиллагаанд Бостон Коллежийн Нийгмийн ажлын магистрын (MSW) хөтөлбөрийн оюутнууд оролцов.
1-р сарын 24-нд, нийгмийн ажлын боловсрол, дадлага, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцүүлэг үргэлжилсэн. Бостон Коллежийн Нийгмийн Ажлын Сургуулийн Декан Гаутам Н. Ядама (Gautam N. Yadama), профессор Томас Креа (Thomas Crea), Анирүдда Кулкарни (Aniruddha Kulkarni) нар Олон Улсын Нийгмийн Ажлын дадлага ажлын талаар танилцуулга хийж, Монголд дадлага хийх, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Энэхүү айлчлал нь академик харилцааг өргөжүүлж, МУИС болон Бостон Коллежийн хооронд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам болов. Төлөөлөгчид Монголын нийгмийн ажлын салбарын туршлага, онцлогийг хуваалцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судалсан юм.