МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
ГАДААДЫН ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧДАД ЗОРИУЛСАН
ЗОЧИН СУДЛААЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
(2025-2026 оны хичээлийн жил)
Монгол Улсын Их Сургуулиас гадаадын залуу монгол судлаачдын дунд монголын нэрт эрдэмтдийн нэрэмжит 2025-2026 оны хичээлийн жилийн зочин судлаачийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлгийн зорилго нь монгол судлалын тодорхой чиглэлээр ахисан түвшний хөтөлбөрт суралцаж байгаа болон энэ салбарт судалгааны ажил хийдэг гадаадын залуу судлаачдыг дэмжихэд оршино.
Судалгааны чиглэл, нэрэмжит тэтгэлэгт шалгаруулах судлаачийн тоо:
- Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг: Монголын утга зохиол, түүхийн чиглэлээр 1 судлаач
- Академич Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг: Монгол хэл судлалын чиглэлээр 1 судлаач
- Академич Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг: Монголын утга соёл судлалын чиглэлээр 1 судлаач
- Эрдэмтэн Н.Цүлтэмийн нэрэмжит тэтгэлэг: Монголын урлаг судлал чиглэлээр 1 судлаач
- Эрдэмтэн Ш.Чоймаагийн нэрэмжит тэтгэлэг: Монгол сурвалж судлалын чиглэлээр 1 судлаач
Нэрэмжит тэтгэлгийн болзол:
- Монгол судлалын чиглэлээр докторын эсвэл докторын дараах судалгаа хийж буй 40 хүртэлх насны судлаач байх.
- Монгол улсын иргэн биш байх
- 2025 оны 9 сарын 1-ээс 2026 оны 09 сарын 30-ний хооронд 3 сарын хугацаанд МУИС-д ирэх боломжтой байх.
Зочин судлаачийн тэтгэлгийн нөхцөл:
- МУИС-ийн оюутны байранд 3 сарын хугацаанд амьдрах (oюутны байранд суугаагүй тохиолдолд байраа өөрөө хариуцна);
- Сарын ₮ 800,000 төгрөгийн тэтгэлэг хүртэх;
- МУИС-ийн ахисан түвшний хичээлд аудитороор суух (Ph.D оюутнуудад);
- Зөвлөх багш авах;
- МУИС-ийн номын сан ашиглах;
- Тэтгэлгийн хугацаанд ажлын өрөөнд сууx;
- Судалгааны үр дүнгээр семинар хэлэлцүүлэх;
- Судалгааны үр дүнгээ МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх.
Зочин судлаачийн үүрэг:
- Суралцах хугацаанд Монгол судлалын хүрээлэнгийн семинарт илтгэл хэлэлцүүлнэ.
- Судалгааны ажлаас гарсан үр дүнгээ МУИС-ийн ‘Acta Mongolica’ сэтгүүлд хэвлүүлнэ. Өөр сэтгүүлд хэвлүүлэх тохиолдолд МУИС-ийн зочин судлаачийн нэр болон тэтгэлгийг заавал дурдана.
- Сургалт болон зочин судлаачийн хугацаа дуусах үед зөвлөхийн удирдлагаар судалгааны ажлын тайлан гаргаж, шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлд тайлагнана.
- Сургалтын хугацаанд МУИС-ийн дүрэм, бусад холбогдох журам, зааврыг мөрдөнө.
Бүрдүүлэх материал, хугацаа:
- Судлаачийн CV: Судлаачийн боловсрол, ажлын туршлага, бүтээлийн жагсаалт багтана
- Зочин судлаачийн маягт бөглөх: Суралцах зорилго, судалгааны хамрах хүрээ, гарах үр дүнг тусгасан байна
- Мэргэжлийн профессорын 1 тодорхойлолт
- Монгол Улсын виз олгоход шаардагдах HIV тестийн бичиг (зөвхөн тэтгэлэгт шалгарсан судлаач бүрдүүлнэ)
Дээрх бичиг баримтыг 2025 оны 5-р сарын 1 хүртэл infomonstudies@gmail.com хаягаар илгээнэ. Шалгаруулалтын дүнг 2025 оны 6 сарын 1-нд зарлана.