Архивын салбарт дээд боловсролтой мэргэжилтний шаардлага, эрэлт хэрэгцээ, Архивын Ерөнхий Газрын хүсэлтийг үндэслэн МУИС-ийн Нийгмийн Ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн харьяанд Монгол хэл, хэлшинжлэл, Түүхийн тэнхим хамтран “Архив судлал”-ын бакалаврын хөтөлбөрийг нээхээр ажиллаж байна. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг “Архив судлал” хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлантай танилцаж, урьдчилан магадлан итгэмжлэх үйл ажиллагаа боллоо.
Монгол улсад архивын салбар хөгжиж эхлэхтэй зэрэгцэн гадаадад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байв. 1988 оноос МУИС-ийн Түүхийн III ангийн оюутнуудаас сонгон мэргэшүүлж, түүхч-архивч мэргэжлээр сургаж эхэлсэн билээ. Тэр цаг үеэс 2015 он хүртэлх түүхч-архивч, түүхч-архив судлаач, архив-албан хэрэг хөтлөлтийн арга зүйч мэргэжлээр дээд боловсролтой 100 гаруй архивын мэргэжилтнүүдийг төгсгөсөн байна. Архивч нь Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан тусгай мэргэжилд тооцогддог. “Архив судлал”-ын хөтөлбөр нь хүний нийгмийн түүх, соёл, улс төр, эдийн засгийн хөгжлийг ойлгоход чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг хадгалах, системчлэх, судлах, ашиглах үйл ажиллагааг судалдаг судлаач мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм.