Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр МУИС, ШУТИС, МУБИС-ийн оюутан залуустай уулзаж, тус сангийн журмын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Байнгын хорооны ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
Дээрх сангийн журмыг шинэчлэх асуудлаар их, дээд сургуулийн оюутнууд, багш, мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготой уг хэлэлцүүлэгт Боловсролын зээлийн сангийн Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр, Сургалтын буцалтгүй тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг нар мэдээлэл өгөв.
Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Засгийн газрын болон Засгийн газар хоорондын тэтгэлэгүүд, сургалтын зээл олгож байна. Ерөнхийлөгчийн тэтгэлгийг Монгол Улсын нийт сумд, хороо бүрээс сурлагаараа шалгарсан нэг сурагч буюу нийт 500 хүүхэд, мөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад олгодог бөгөөд эдгээр сурагчид нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж амжилттай буюу 60 хувиас дээш үнэлгээтэй төгссөн бол дэлхийд эрэмбээрээ тэргүүлдэг сургуулиуд, мөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг олгож буй тухай хэлтсийн дарга Б.Гантөмөр танилцуулсан юм. Тэтгэлэгт сурагчдыг шалгаруулах журам, шаардлагыг нарийвчлан заасан бөгөөд тухайн жилийн элсэлтийн шалгалтаар гадаад хэл–математик, гадаад хэл–физик, гадаад хэл–хими, гадаад хэл–биологи гэсэн хувилбарын дундаж оноо 550-аас дээш байх, энэ хэмжээст оноогоороо сум, хороондоо тэргүүлсэн байх, сүүлийн гурваас доошгүй жил хамран сургах тойргийнхоо ерөнхий боловсролын сургуульд суралцсан байх зэрэг шаардлага тавигддагийг тодорхой дурдав.
Ахисан түвшний буюу магистр, докторын түвшинд суралцагчдад олгодог Засгийн газрын тэтгэлгийг магистрын түвшинд суралцах төрийн албан хаагчид, тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч нар, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж тухайн мэргэжлээрээ гадаадын сургуульд үндсэн хөтөлбөрөөр дэвшин суралцагчид, мөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад олгодог байна. Харин Засгийн газар хоорондын гэрээний дагуу олгох тэтгэлэг нь тухай гэрээ, хэлэлцээрээр тодорхойлсон нөхцлүүдээр олгогддог бөгөөд тухайн Засгийн газар суралцагчийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг хариуцах, эс бөгөөс сургалтын төлбөр, амьжиргааны болон дотуур байрны зардлыг бүгдийг хариуцах зэрэг янз бүрийн нөхцөлтэй байдгийг тэрбээр анхааруулсан юм.
Боловсролын зээлийн сангаас олгодог сургалтын зээлийг дэлхийн шилдэг сургуульд суралцах урилга авчихсан, мөн тухайн сургуулиасаа тодорхой хэмжээний тэтгэлэг авчихсан боловч сангаас олгодог тэтгэлгүүдэд хамрагдаагүй, үндсэн төлбөрөө хувийн зардлаар шийдвэрлэх боломжгүй оюутнуудад боломж олгох үүднээс гадаад сургалтын зээлийг олгодог байна. Гэхдээ эрэмбээрээ дэлхийд эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан суралцагчийн сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийг сангаас зээлдүүлэхээр журамласан байна. Дэлхийн эрэмбийн эхний 20-д багтсан сургуульд суралцах бол мэргэжил харгалзахгүйгээр зээлийг авах боломжтой бол 21-50 дугаарт эрэмбэлэгдсэн сургуульд бол зөвхөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцах нөхцөлтэйгөөр зээл олгох аж.
Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас зорилтот бүлгийн суралцагч нар буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, мөн хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан гишүүнтэй өрхийн суралцагч, нэг өрхийг гурван оюутан зэрэг суралцдаг бол нэгд нь, “Монголын Сайхан бичигтэн” тэмцээний эхний гурван байрын шагналтуудад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох журамтай аж. Энэ талаар Сургалтын буцалтгүй тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг товч дурдаад, сувилагч, нийгмийн ажилтан, номын санч, хоол зүйч, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, арга зүйч зэрэг мэргэжлүүдээр хоёр дахь бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй тохиолдолд, мөн Багшийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 15 жилээс доошгүй хугацаанд ажилласан багш, ажилтны нэг хүүхдэд гэх мэт буцалтгүй тусламж олгох нөхцөл, болзлуудыг нэг бүрчлэн тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Байнгын хорооны ажлын хэсгийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэх талаар багагүй ажил явуулж, холбогдох судалгаа тооцооллыг хийсний зэрэгцээ ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудаар орж, оюутан, сурагчдын санал бодлыг сонсож байгаагаа танилцуулав. Тэрбээр дээрх сангийн журмыг олонтаа шинэчлэн өөрчилсөн, мөн Засгийн газраас уг сантай холбоотой тогтоол шийдвэр, нэмэлт өөрчлөлт олныг гаргасны улмаар ойлгох, хэрэглэхэд ихээхэн бэрхшээлтэй баримт бичиг болж танигдахааргүй хувирсныг дурдаад, сангаас олгодог тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн гол хэрэглэгчид нь оюутан, залууст та бүхэн учир тэдгээр санхүүжилтийн бүхий л нөхцөл, шаардлага, эргэн төлөх боломж, хуваарь нь та бүхэнд тохирсон байх ёстой гэдгийг онцолж байлаа. Нэгэнт гадаад, дотоодын их, дээд сургуульд тэнцээд, урилга заллагаа гардчихсан хүүхдүүдээс дахин IELTS, TOEFL-ийн оноо нэхэх, сургуулиудын эрэмбийг тооцохдоо харилцан адилгүй өөр өөр шалгуур бүхий жагсаалтуудыг үзэмжээр хэрэглэхээс татгалзах, тэргүүлэх сургуулиудын төлбөрийн хэмжээ харилцан адилгүй тул хямд, сайн сургуульд олон хүүхэд сургах, үнэтэй сургуульд цөөн оюутан явуулахыг бодлогоор шийдвэрлэх, гадаадад суралцагчдын зээлийн эргэн төлөлт 4.0 хувьтай байгааг сайжруулах, Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулах, зээл олголт, түүний эргэн төлөлт нь орлогын түвшинтэй уялдах учиртай тул бакалаврын түвшинд суралцагчдад буцалтгүй тусламж, тэтгэлгийг, магистр, докторын түвшинд суралцагчдад зээлийг түлхүү олгодог байх зэрэг шударга, хүртээмжтэй байх зарчмыг шинээр батлах журамд тусгах нь зүйтэй гэсэн санал боловсруулж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал оюутнуудад танилцуулсан юм. Мөн тэрбээр Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, тусламжийг ихэнхдээ мэдээлэлд ойр, эрх мэдэл бүхий хүмүүсийн хүүхдүүд авсаар ирснийг, мөн тэд уг зээлээ чөлөөлүүлж, төлөхгүйгээр замхруулж ирснийг өөрчлөх ёстой гэсэн байр суурь дээр хатуу байгаагаа дурдаж, энэ сангийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө тул түүний ашиглалт, зарцуулалт хариуцлагатай байх учиртай гэлээ. Тэтгэлэг, тусламж болон зээлийн сонгон шалгаруулалт, түүний аргачлал маш энгийн байж, оролцогчдод олгох онооны систем нь ч ойлгомжтой, ил тод, нээлттэй байх, олгосон санхүүжилт нь эргэж ирэх өгөөжтэй, хүртсэн оюутнууддаа ч ашигтай байх зарчмыг боловсролын санхүүжилтийн тогтолцоонд суулгаж өгөх нь нэн чухал болохыг тэрбээр өгүүллээ.
Танилцуулга, мэдээллийнхээ дараа Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал оюутнуудын санал бодлыг сонсож, тэдний асуултад хариуллаа. Оюутнууд өөр өөрсдийн авч буй тэтгэлэг, зээлийн нөхцлүүд, тэдгээрийг хөнгөрүүлэх зэрэг асуудлыг голчлон хөндөж байв. Тухайлбал, 15-аас дээш жил багшилсан багшийн тэтгэлгээр суралцаж буй оюутан бүх хичээлийнхээ үнэлгээг хангалттай тооцуулж байж буцалтгүй тусламжаа авах хатуу нөхцөлтэйг зөөлрүүлж өгөх хүсэлт тавьсан бол нийгмийн ажилтны мэргэжлээр суралцаж байгаа оюутан тэтгэлгээсээ хасагдсан оюутан төгссөнийхөө дараа уг зээлээ хэрхэн төлөх, мөн мэргэжлээрээ нийслэлд тав, орон нутагт гурван жил ажиллах гэсэн шаардлагыг биелүүлэх эсэх зэрэг асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн гадаадын их, дээд сургуульд хоёр дахь мэргэжлээр суралцах тохиолдолд тэтгэлэг олгодог болох нь зүйтэй гэсэн байр суурийг зарим оюутан илэрхийлсэн бол мэдээлэлд ойр, эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын хүүхдүүдийг түлхүү хамруулдаг явдлыг яаж таслан зогсоох талаар оюутнууд сонирхон асууж байлаа. Мөн чанартай, үнэтэй сургуульд цөөн, чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэж, тэдний мэдлэг, чадварыг улс орондоо бүрэн дүүрэн ашиглаж ажиллах нь илүү үр дүнтэй гэсэн бүтээлч саналыг залуучууд хэлж байлаа.
Хэлэлцүүлгүүд ажил хэрэгч уур амьсгалд болж, оюутан залуус идэвхтэй, санаачилгатай оролцож байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал дүгнэж, боловсролын санхүүжилтийн системээ шинэчлэн, ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийж, залуучууд, оюутнууддаа амьдралыг нь тэр чигээр нь өөрчлөх маш том боломжийг олгодог энэ тогтолцоогоо илүү сайжруулан, шударга, ойлгомжтой, бүтээмжтэй болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Цуврал хэлэлцүүлэг маргааш үргэлжилж, АШУҮИС, Этүгэн их сургуулиудаар өртөөлнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.