Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 3 дугаар сарын 27-ны Пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иймд та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нэг дэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.
Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.