Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэрэг тогтоох (MAETI) “Орчуулагчийн анхан шатны бичгийн орчуулгын цогц чадварын туршилт шалгалт”-ыг 2025 оны 2 сарын 15-ны өдөр МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс зохион байгууллаа. Шалгалтад англи хэлний 12, хятад хэлний 7, орос хэлний 3, нийт 22 орчуулагч сайн дураар оролцож, эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний орчуулгын ур чадварын иж сорилгоор бичгийн орчуулгын цогц чадвараа шалгуулсан юм.
Шалгалтад тэнцсэн орчуулагчдад мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардуулах ёслолыг 2025 оны 3 сарын 14-ний өдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 320 тоот хурлын танхимд зохион байгуулав. Ёслолд МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын дарга С.Булгантамир, Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшиг, болон шалгалт зохион байгуулах комиссын гишүүд, МУИС-ийн багш нар оролцож шалгуулагчдад гэрчилгээ гардууллаа.
Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэрэг тогтоох (MAETI) дараагийн шалгалт 2025 оны 6-р сар, 9-р сард тус тус зохион байгуулагдах ажээ. Шалгалтын 2025 оны тодорхой товыг дараах хүснэгтээс үзнэ үү.