“Багш” найраглалын 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын “Багш” найраглалын 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг нээж Боловсролын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Алтансүх, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нар үг хэлэв.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг “МУИС-ийн үе үеийн төгсөгчдөөс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон алдартнууд төрөн гарсны нэг бол “Багш” хэмээх алдарт найраглалыг туурвисан, төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн их яруу найрагч Шаравын Сүрэнжав гуай юм. Бид өмнөх эрдэм шинжилгээний хурлуудад их найрагчийн уран бүтээлийг голчлон хэлэлцэж байсан бол энэ удаад сэдвийн хамрах хүрээг өргөтгөж, “Багш” найраглалын туурвил зүйн онцлогоос гадна багш мэргэжлийн тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Их Сургууль  “Багш” найраглалын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлуудыг Эрдмийн танхимдаа зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаагийн хурал тус найраглалын туурвил зүйн онцлог, үзэл санааны үнэ цэнийг тодруулан гүнзгийрүүлж, багш мэргэжлийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг судалгаа шинжилгээний үндэстэйгээр, олон талаас нь хэлэлцэж, оновчтой шийдлүүдийг дэвшүүлсэн үр дүнтэй хурал болсныг оролцогчид тэмдэглэн хэлж байсан юм.

Монголын үе үеийн багш нарын сүлд бүтээл болсон “Багш” найраглалын 40 жилийн ойд төр засаг онцгой ач  холбогдол үзүүлж, Монгол Улсын Боловсролын сайдын 2025 оны А/65 дугаар тушаалаар энэ эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Сургууль, Монголын Ахмад багш нарын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн илтгэгчид, их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар