“Олон улсын соёлын өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль гадаад, дотоодын оюутнуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон үндэстний соёлын солилцоог дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын соёлын өдөрлөг” энэ оны тавдугаар сарын 14-нд Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээг Оюутан хөгжлийн газар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан бөгөөд “Орон орны туг”-ийн парадаар өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлсэн. Арга хэмжээг нээж Оюутан хөгжлийн газрын дарга, доктор Б.Цэцэнцолмон мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ удаагийн өдөрлөгт БНЭУ, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАЛАУ, БНТУ, БНУУ, БНСВУ, БНКУ зэрэг 10 гаруй орны 120 гаруй гадаад оюутан оролцож, өөрсдийн орны соёл, урлагийн үзүүлбэр толилуулан, үндэсний хоол хүнсээр зочдыг дайлж, уламжлалт тоглоом наадгай, ёс заншлаа танилцуулсан юм. Мөн энэ жил Монгол орны соёлыг танилцуулсан оюутны баг анх удаа оролцсон нь арга хэмжээний бас нэгэн содон онцлог байв.

Арга хэмжээг дэмжин МУИС-ийн “Хос уянга” монгол бичиг, соёлын нэгдэл, “Хөгүлүн” клуб, “Номтой найзалъя” клуб, ШУС-ийн Түрэг хэл судлалын тэнхим, Европ судлалын тэнхимийн зочин багш Sarolta Pápai, мөн “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийн оюутнууд идэвхтэй оролцсон нь оюутнуудын идэвх санаачилгыг илтгэж байлаа.

“Олон улсын соёлын өдөрлөг” нь гадаад оюутнуудын хооронд нөхөрлөл, ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан хүндэтгэлтэй хандлагыг төлөвшүүлэх, олон үндэстний соёлыг нэгэн дор танилцуулах үнэт боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Гэрэл зургийг: Magyar Emil

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар